Йемений охидын 25 хувь нь насанд хүрэхээсээ өмнө хадамд гардаг
Намайг Нужуд гэдэг, 10 настай, нөхрөөсөө салсан
Нужудын хар дарсан зүүд шиг амьдрал есөн насанд нь эхэлжээ. Гэхдээ тэр бүхэн эхлэхийн яг өмнөх өдөр нь Нужудын хувьд хамгийн жаргалтай өдөр нь байжээ. Учир нь, тэр өдөр ээж, эгч нар нь түүнийг гоёж гангалан, урьд өмнө авахыг мөрөөдөж байсан даашинзуудыг нь бүр гурваар нь авч өгч, хоёр сам, гивлүүр, хоёр үнэртэн хүртэл бэлэглэжээ. Гэрт нь ямар нэг баяр болох нь дээ л гэж Нужуд бодно. Чухам юу болох гэж байгааг тэр ухаарахгүй ч, эгч нар нь хааяа нэг нулимсаа сэм арчихыг бодвол хөөрхий охины бодсон шиг тийм ч баяртай үйл явдал тэднийд болохгүй нь бололтой.
Удалгүй тэднийд мотоциклиор зарлага хийдэг, Тамер хэмээх эцгийнх нь танил 30 гаруй насны эрэгтэй ирж, ээж аавтай нь баахан найрлажээ. Шөнөжин найрласан Тамер маргааш өдөр нь Нужудыг гэр рүүгээ авч явав. Үл таних айлд чухам юуны учир ирснээ Нужуд шөнө болтол мэд-сэнгүй. Харин шөнө болоход сайн танихгүй тэр эрэгтэй өөрийгөө Нужудын нөхөр нь гээд хамт унтана гэж оронд нь орж иржээ. Айсан охин түүнээс зугтаж, өрөөнөөс өрөө дамжин уйлж гүйсэн ч хэн ч туслаагүй учир Нужуд аргагүй хүчинд автжээ.
Ийм дүр зураг дараагийн хоёр сарын турш шөнө алгасахгүй үргэлжилсэн бөгөөд тэр үед л есхөн настай бяцхан охин эхнэр, нөхөр гэж юу болохыг, яах гэж энд ирснээ ойлгосон байна. Төрсөн гэрээсээ хол учир харгис хэрцгий нөхрийнхөө ээжээс л аврал эрэн гуйвч, тэр авгай “Наадхиа улам сайн цохиод өг” гэхээс өөр юм хэлэхгүй. Ингэж зодуур нүдүүр, хүчирхийлэлд автсан хоёр сар өнгөрөхөд аз болж Нужудыг нөхөр нь төрсөн гэрт нь нэг удаа авчирчээ. Нужуд гэртээ ирмэгцээ ээж аавдаа болсон бүхнийг хэлж, тэр аймшигт эрэгтэйгээс салгаж өгөөч гэж уйлан гуйв. Гэвч түүний эцэг гэр бүлийнх нь нэр хүнд тосгон даяар унаж, шившиг болно гээд “дуугүй нөхрөө дагаад яв” гэсэн байна. Түүнд төрсөн эх нь ч тус болсонгүй. Харин Нужудын авга эгч хэмээн дууддаг, аавынх нь өөр нэг эхнэр түүнд хэд гурван зоос өгөөд, нөхрөөсөө салахын тулд шүүхэд очихоос өөр аргагүй гэж хэлсэн байна. Араатан шиг харгис хэрцгий эрээс салахын тулд юу ч хийхэд бэлэн байсан Нужуд энэ үгийг сонсоод эгчийнхээ өгсөн мөнгөөр амьдралдаа анх удаа такси барин шууд хотын шүүхийг зорьжээ.
Нужуд шүүх дээр ирмэгцээ, “Би шүүгчтэй уулзмаар байна” гэж хаалгачид нь хэлж. “Хэн гэдэг шүүгчтэй нь уулзах вэ. Энд олон шүүгч байгаа шүү дээ” гэхэд Нужуд “Хамаагүй ээ, шүүгчтэй л уулзмаар байна” гэсэн гэдэг. Ингээд охин шүүхийн үүдэнд хэн нэг шүүгчийг хүлээн хэдэн цаг суусны эцэст нэгэн эрэгтэй ирээд яах гэж явааг нь асуужээ. Охин шууд л “Би нөхрөөсөө салмаар байна” гэж хэлж. “Чи нөхөртэй юм уу” гэсэн шүүгчийн асуултад Нужуд өнгөрсөн хоёр сарын хар дарсан зүүд шиг амьдралаа ярьж өгчээ. Үүнээс хоёр хоногийн дараа Йемений нийслэл Санаа хотод 10 настай охины гомдлын дагуу гэр бүл цуцлах эсэх тухай шүүх хурал болж, шүүгчид ч Нужудын хүсэлтийг ёсоор болгон, аймшигт зүүднээс нь сэрээж өгчээ. Нужудын нөхөр түүнийг анх авч суухдаа охиныг нас биед хүртэл нь эхнэр нөхрийн харилцаанд орохгүй гэж аавд нь ам өгсөн байж. Йемений хуулиар ч насанд хүрээгүй охидын гэрлэлтийг хориглодоггүй ч, тэдний нас биед хүртэл нь дотно харилцаанд орохыг хориглодог. Тийм ч учраас аравхан настай охинд хүч хэрэглэсэн энэ балмад явдлыг сонссон шүүгчид Нужудын хүсэлтээр гэр бүлийг нь цуцалсан бөгөөд харин нөхрийг нь хорьж шийтгэлгүй, торгууль оногдуулаад л өнгөрч.
Нужуд одоо 13 настай. Тэр өмнө нь зөвхөн мөрөөдөл төдий байсан сургуульдаа явж, сурагч болжээ. Түүний тухай Францын сэтгүүлч Дельфин Миноу “Намайг Нужуд гэдэг, 10 настай, нөхрөөсөө салсан” хэмээх ном бичсэн нь борлуулалтаараа тэргүүлэн, 18 хэл дээр хэвлэгдэж, номны ашгаас түүний нэр дээр багагүй мөнгө очдог болжээ. Үүгээрээ Нужуд өмнөхөөс арай дээр байшинд амьдрах болж, орлогын гол эх үүсвэр нь болсон түүнтэй гэр бүлийнхэн, ах дүүс нь ч сайхан харилцдаг болж. Тэр хуульч болохыг мөрөөддөг. Өндөр мэдлэгтэй хуульч, өмгөөлөгч болоод өөртэй нь адил зовлон үзсэн олон мянган охид бүсгүйчүүдэд туслахыг тэр хүсдэг. Түүнээс дахин нөхөртэй болох уу гэж нэгэн сэтгүүлч асуухад “Энэ тухай бодоход эрт байна” гэж хэвлүүхэн хариулжээ.
Бяцхан бэрүүд
Аравхан настай хэдий ч хууль ёсноос гадуур, хүнлэг бус бурангуй ёс заншлын эсрэг сөрөн зогсч, өөрөө өөрийгөө хамгаалж чадсан Нужуд охины түүх дэлхий дахины сонорт хүрсэн дээрх гайхалтай явдал одоогоос гурван жилийн өмнө Йеменд болсон юм. Тухайн үед зоригт Нужуд охины түүх сонссон хүн бүрийг бишрүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Миний уулзсан хамгийн агуу эмэгтэй. Тэр эр зоригийн үлгэр жишээг бидэнд харууллаа” хэмээн дуу алдаж байв. “Glamour” сэтгүүл түүнийг 2008 оны онцлох эмэгтэйгээр нэрлэсэн юм. Түүнээс үлгэр жишээ авсан найман настай бяцхан охин 50 настай нөхрөөсөө салах өргөдлөө Саудын Аравийн шүүхэд гаргаж байв.
Нужудын энэ явдал лалын шашинт Ойрхи Дорнодын орнуудаар зогсохгүй, Ази, Африкийн зарим оронд өнөө хүртэл амь бөхтэй оршсоор байгаа уламжлал нэрээр халхавчилсан насанд хүрээгүй охидыг хүчээр хүнтэй суулгадаг харанхуй бүдүүлэг заншил гээчийн хөшгийг хуу татсан юм.
Өнөөдөр дэлхий даяар 18-аас доош насны 51 сая охин өөрийн хүслээр бус эцэг эх, шашин, нийгмийн шаардлагаар хүний эхнэр болон амьдарч байна. 2020 он гэхэд ийм охидын тоо 100 саяд хүрэх тооцоо ч бий. Энэ нь өдөр бүр 25 мянган охин хадамд гарна гэсэн үг.
Этиоп, Балба, Энэтхэг, Йемен, Саудын Арави, Бангладеш гээд олон оронд ухаан суугаагүй балчир охид яг Нужуд шиг ээжийнхээ өврөөс эр нөхрийн өвөрт шилжиж байгаа юм. Йеменд гэхэд нийт охидын 52 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө өөрөөсөө хэдэн арван насаар ах хүний эхнэр болж байна. Энэтхэг, Бангладеш мэтийн Зүүн Азийн оронд ч охид бүсгүйчүүдийн бараг тэн хагас нь буюу 49 хувь нь 20 хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэж байна гэсэн UNICEF-ийн судалгаа байдаг.
Энэ олон сая охид бүсгүйчүүдийн үзэж амсдаг зовлон зүдгүүрийг зүйрлэж хэлэхийн аргагүй. Өмнө нь, хэзээ ч царай зүсийг нь харж байгаагүй эрийн эхнэр болон гэнэтхэн нэг өдөр айлын бэр болон очдог тэд хадмынхаа хамгийн хүнд хүчир ажилд өдөржин нухлагдаад, шөнөд нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болдог юм. Тэд арав гаруйхан насандаа бие давхар болж, хүүхдээ төрүүлэх гэж байгаад өөрөө эндэх нь ердийн үзэгдэл. Ялангуяа, охидыг 12-13 насанд нь хадамд гаргадаг Йеменд бол ийм харамсалтай тохиолдол өдөр бүр, хаа сайгүй гардаг байна.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд, хүүхдийн эрхийг хамгаалах газрууд энэ хууль бус явдлыг зогсоохын тулд Йемен мэтийн орнуудыг хуулиа өөрчлөхийг байнга шахаж шаарддаг ч “энэ бол уламжлалт заншил” гэсэн үгээр амыг нь тагласаар байгаа юм.