Г.Баярсайхан: Монгол Улс атомын цахилгаан станцаас татгалзах ёстой
2011.09.13

Г.Баярсайхан: Монгол Улс атомын цахилгаан станцаас татгалзах ёстой

Цөмийн хог хаягдлыг эх орондоо булах тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа гарсаар удлаа. Иргэний хөдөлгөөнийхөн ч Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлж буй билээ. Үнэндээ гаднын улс орны цөмийн хог хаягдлыг манайд булах эсэх тухайд л олон нийт анхаарч буйгаас дотоодод юу болж буйг төдийлэн сонирхохгүй байгаа. Мэдээлэл ч үгүй байгаа биз. Энэ сэдвээр УИХ-ын экологич гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Гадаад орны цөмийн хаягдлыг Монголд булах уу, үгүй юү гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байгаа. Гэтэл манай Цөмийн энергийн тухай хуульд эх орондоо атомын цахилгаан станц байгуулж, хаягдлыг нь булах тухай заалт орчихсон юм билээ. Энэ асуудалд та хэрхэн хандаж байгаа вэ?

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2.2.9-д “Цөмийн эрчим хүчийг ашиглах, нарийвчилсан судалгаа хийх, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна” гэсэн заалт оруулжээ. Мөн Цөмийн энергийн тухай хуульд цөмийн эрчим хүчний эх үүсвэр буюу атомын реактор ашиглах, зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлах, “Цөмийн хаягдал, ашигласан түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүй хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх” гэсэн заалт байна. Ингэснээр цөмийн эрчим хүчийг ашиглая, хаягдлыг нь булъя гэдгийг олонхиор баталжээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч “Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглана” гэсэн байгаа. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглана гэдэг бол атомын цахилгаан станц барина, хаягдал гарна гэсэн үг. Зөвхөн гаднын ч биш эх орондоо цөмийн эрчим хүч ашиглаж, гарсан хаягдлыг нь булах нь байна. Бид гаднын орны цөмийн хаягдлыг эх орондоо булахыг эсэргүүцэж байгаа атлаа дотооддоо, Монголын гаралтай хаягдлын асуудал зөрчилтэй болж байна. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ олон улсад зарласан. Одоо тэгвэл цөмийн эрчим хүч ашиглаж, атомын цахилгаан станц барихгүй гэдгээ албан ёсоор дэлхий нийтэд зарлах хэрэгтэй. ХБНГУ, Индонез гэх мэт олон улс цөмийн эрчим хүчнээс татгалзаад байна шүү дээ.

-2009 онд энхийн зориулалтаар цөмийн эрчим хүчийг ашиглана гэсэн агуулгаар уг хуулийг баталсан байх. Тэр үед УИХ-ын гишүүд яагаад энэ асуудлыг хөндөөгүй юм бэ. Одоо цөмийн хаягдлыг Монголд булах эсэх яриа гарахаар л хуульд ийм заалт байсныг гэнэт мэдэж буй юм шиг сэтгэгдэл төрөх юм?

-Би байр сууриа тодорхой илэрхийлж байсан. 2009 онд уг хуулийг батлах үед Фүкүшимагийн осол болоогүй байсан. Олон жилийн өмнө болсон Чернобылийн ослын сөрөг үр дагаврыг дэлхий нийт мартсан байж. Одоо Фүкүшимагийн ослоос өмнөх ба дараах үе гэсэн ойлголт дэлхийд бий болсон. Энэ ослоос өмнө дэлхийн улс орнууд атомын цахилгаан станц барьж, цөмийн эрчим хүчийг ашиглахыг буруутгадагг үй байлаа. Гэтэл үүний хор хөнөөлийг дээрх явдал харуулж байна.

Одоо “Фүкүшимагийн синдром” гэсэн ойлголт шинээр бий болжээ. Энэ нь атомын цахилгаан станцаас, цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхлэхийг хэлж байгаа юм. Осолд өртсөн хүмүүст шинжилгээ хийхэд удамд нөлөөлөх хэмжээний иод, цези илэрсэн байна. Энэ бүхнийг манай улс анхаарах ёстой. Бид галаар наадах зүйл ярьж байснаа ухаарч, цаг байгаа дээр нь атомын цахилгаан станц барихаас татгалзах хэрэгтэй.

Ураны хүдрийг ашиглаж, боловсруулах, технологийн үйл явцын дундах шатанд гардаг шар нунтгийг экспортлоход бол буруу зүйл байхгүй. Ингэснээр дэлхийн цөмийн зах зээлд гарч тоглогч болох боломж байна. Мөн том гүрнүүдийн сонирхлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж нээгдэх юм.

-Хууль эрх зүйн орчинд ямар заалт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм бэ?

-Атомын цахилгаан станц барихыг хориглохоос гадна, гадна, дотны гэлтгүй цөмийн хаягдлыг булшлахыг хориглоно гэсэн заалт оруулах хэрэгтэй. Нүүрснээсээ хий гаргах замаар болон нар салхины эрчим хүчийг ашиглах боломж бидэнд бий. Газрын гүний дулаан ч байна. Европын эдийн засгийн гол хөдөлгүүр болж буй ХБНГУ 2022 он гэхэд атомын бүх цахилгаан станцаа хаана гэж мэдэгдсэн.

Гэтэл бид атомын цахилгаан станц барьж, хаягдлыг нь булшлах тухай ярьж, түүнийгээ хэрэгж үүлбэл хүн төрөлхтөн, онгон байгалийн эсрэг гэмт хэрэг үйлдэнэ. Энэ нөхцөлийг УИХ бүрдүүлээд өгчихөж. Одоо энэ алдаагаа засах хэрэгтэй. Монгол Улс дэлхийд үлгэр жишээ улс болох ёстой. Нар, салхины эрчим хүч ашиглах нь цөмийнхөөс хямд тусна, байгаль орчинд ч ээлтэй.

-Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн яриа байгаа. Засгийн газар төсөл боловсруулж буй юм биш үү. Та ч гэсэн өөрөө дээрх заалтуудыг халах төсөл боловсруулж болно шүү дээ?

-Засгийн газарт тийм төсөл байгаа эсэхийг мэдэхгүй. Миний хувьд энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Нарийн яривал уран олборлоход ч радио идэвхт цацраг бүхий тоосонцор ялгардаг. Монголын нутаг дэвсгэрийн 0.01 хувьд л уран олборлоно гэдэг. Гэтэл цөмийн радио идэвхт тоосонцор 1200 км-т агаар, салхиар тардаг. Зарим хүн цөмийн хаягдлыг газрын гүнд, зориулалтын торхонд хадгалах юм чинь аюулгүй гэдэг. Тийм биш. Цөмийн хаягдлыг буллаа гэхэд газар хөдлөхөд л асуудал үүснэ.

Баруун нутгийнхан, Алтайн цаагуур нутагладаг хүмүүсийн дунд яагаад хавдар их илрээд байна вэ гэдгийг төр засаг бодож үзэх хэрэгтэй. Хилийн цаахна ОХУ 400 гаруй удаа, БНХАУ 46 орчим удаа цөмийн туршилт хийсний уршгаар тоосонцор нь манай газар нутгийн баруун хэсэгт тархаад радиацийн фон өндөр байдаг. Кыргыз улсад ураны хүдрийн уурхай хаагдсан ч одоог хүртэл аюул нь хадгалагдаж 50 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжшүүлэх асуудал яригдаж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.