Л.Гантөмөр цөмийн хаягдалтай холбогдуулан асуулга тавилаа
2011.09.12

Л.Гантөмөр цөмийн хаягдалтай холбогдуулан асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн өчигдөр Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьжээ. Уг асуулгад, “Цөмийн хаягдлыг Монгол Улсад булах тухай мэдээлэл олон нийтийг түгшээсээр нэлээд хугацаа өнгөрлөө. Уг асуудлаар Засгийн газарт хандан УИХ-ын гишүүдээс асуулга, асуулт тавьсан боловч тодорхой хариу ирүүлээгүй, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллага, тодорхой биш эх сурвалжаас уг мэдээллийг авч дээрх мэдээлэл нийгмийг айлгаж, сүүлдээ улс төрийн өнгө аяс оруулан зориудаар дэвэргэн тарааж байхад Монгол Улсын Засгийн газар өдий хүртэл тодорхой хариу өгөхгүй байна” гэжээ.

Үүнд:

1.Монгол Улсын Засгийн газар, түүний харъяа эрх бүхий яам, газруудын албан тушаалтнууд цөмийн хаягдлыг Монгол Улсад булах талаар албан бусаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулсан эсэхийг шалган тогтоож байр сууриа илэрхийлэх,

2.Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох бүхий л ажлыг хариуцаж байгаа Цөмийн энергийн газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаад Монгол Улсын Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа талаарх мэдээллүүдийг өгөх, асуулгын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн асуудлууд багтжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.