Г.Баярсайхан: Цөмийн хаягдал 10 мянган жилийн дараа аюулгүй болдог
2011.09.01

Г.Баярсайхан: Цөмийн хаягдал 10 мянган жилийн дараа аюулгүй болдог

Цөмийн эрчим хүчийг ашиглах талаар төр засгийн удирдлага, түшээд ярих болсон. Харин иргэд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж, жагсаал цуглаан хийсээр байна. Энэ талаар хууль тогтоох дээд байгууллагын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Цахилгаан хангамжийн асуудал үүсэх боллоо. Үүнээс гарах хамгийн найдвартай хийгээд бас хөрөнгө бага зарцуулах арга бол цөмийн эрчим хүчийг ашиглах шүү дээ гэх хүн цөөнгүй байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс эрчим хүчний гачаалалд орсон орны нэг мөн. Үүнээс гарах олон арга бий л дээ. Өнөөдөр шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр байгальд ээлтэй, хүн амын эрүүл мэндэд заналхийлэхгүй аюулгүй технологиуд нэвтэрч байна. Үүнийг бид авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн бодолтой явдаг. Мөн эрчим хүчгүйгээр цаашид хөгжинө гэж яриад ч хэрэггүй.
Төр засаг, УИХ-ын түвшинд үсрэнгүй хөгжих, эдийн засгийн бааз сууриа тэлж, санхүүгийн бааз бүрдүүлэгч тулгуур баганаа нэмэх талаар хэлэлцэж чамгүй хэмжээний хөрөнгө мөнгө ч төсөвлөж байна.
Гэтэл эрчим хүчгүйгээс болж хурдацтай хөгжих боломж хязгаарлагдмал байна шүү дээ. Дэлхийд цөмийн эрчим хүчээр дотоодынхоо хэрэгцээг хангадаг нэлээд хэдэн улс бий. Тодруулбал, Франц, Герман, Америк, Орос, Хятад гэх мэт. Харин арлын орон гэгддэг Япон Улс энэхүү эх үүсвэрээр 60-аас дээш хувь хангаж байгаа. Тэдний туршлагыг судлах хэрэгтэй. Шууд л бусад улс орон хэрэглээд байна бид ч бас ашиглана гээд зүтгэх нь буруу гэж бодож байна. Эхлээд ямар үр дүн үзүүлэх, эргээд хор уршиг нь ямар байх бол гэдгийг маш нарийн судлах нь чухал.
-Дэлхийн олон орон ийм станц ашиглан эрчим хүчний асуудлаа шийдэж байгаа шүү дээ?
-Тийм. Гэхдээ бас бодолцох асуудал ч бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ чиглэлээр эрчим хүчний асуудлаа шийдэж буй улсууд эргээд олон асуудалтай тулгардаг. Ер нь тэгээд дэлхийн улс орнуудын чиг хандлага хаашаа байна гэдгийг харах л хэрэгтэй болов уу. Миний мэдэж байгаагаар атомын цахилгаан станцаас татгалзаж эхлээд байгаа юм билээ. Учир нь, маш их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ч эргээд байгальд, тухайн орны хүн ам, эдийн засагт асар их хэмжээний хохирол үзүүлж байсан түүх бий. Бид үүнийг нь олж харахгүй л явна даа. Тиймээс атомын цахилгаан станц барина гэдгийн эсрэг л байр суурьтай байгаа. Хэрэв парламентаар хэлэлцүүлэхээр оруулж ирвэл шууд л татгалзах болно. Үүнээс өөр аргаар шийдэх боломж бий шүү дээ. Яагаад заавал уран олборловол заавал атомын цахилгаан станц барих ёстой гэж.
-Болохгүй зүйлгүй гэж үзэн уран олборлож, дотоод гадаадын хэрэгцээнд нийлүүлэхээр болсон?
-Одоохондоо нэг мөр шийдэгдээгүй зүйл. Цөмийн эрчим хүч ашиглах явдлыг Фүкүшимагаас өмнөх үе, хойш гэж ангилан авч үзээд байгаа. Яагаад ингэж тооцох болов гэхээр хэрэв станц дэлбэрвэл ямар хор уршиг тарьсан, өнөөдөр ямар байдалтай байгаа гэдэгт л оршиж буй хэрэг. Чернобелийн атомын цахилгаан дэлбэрснээс болж европыг тэр чигээр нь радиацаар хордуулсан аймшигт явдал болсон шүү дээ. Үүнээс болж техногенийн осол үүсэж, хүн амьтан, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлсэн. Одоо хэр нь тус цахилгаан станцын ойролцоох 30 км-ийн радиуст хориотой бүс тогтоосон хэвээр байгаа. Тэгэхээр ямар хор хөнөөлтэй болох тодорхой байгаа биз дээ. Харин Фүкүшимагийн дараагаас эхлэн дэлхийн улс орнууд ийм төрлийн аргаар эрчим хүч үйлдвэрлэх нь ямар хор уршигтай болохыг ойлгон ашиглахаас татгалзаж байна.
-Хөгжихөд эрчим хүч хэрэгтэй гэж байгаа. Гэтэл хэрэгцээт цахилгаанаа үйлдвэрлэж чадахгүй бол хөгжинө гэдэг "лөөлөө" болох юм биш үү?
-Сэргээгдэх эрчим хүч ашиглах нь илүү оновчтой. Байгальд хор хөнөөлгүй, хэзээ дэлбэрчих бол гэж айж амьдрахгүй юм. Нар, салхи ашиглаад л эрчим хүчнийхээ асуудлыг шийдчих боломжтой. Манай улсад байгалиас заяасан үнэ төлбөргүй олдож буй нар салхи гэдэг том баялгаа ашиглаад явах бүрэн боломж байна. Мөн хэдэн зуун жил ашиглаад барахгүй их хэмжээний эрчим хүчний нүүрс бий. Эхний төслүүд ч хэрэгжээд явж байгааг хэн хүнгүй  харж суугаа. Ер нь. атомын цахилгаан станц гэж том дуугарахаас илүү дээрх чиглэлийг баримтлах хэрэгтэй. Гадаадын туршлага гэж  их ярьдаг. Тэгвэл европдоо тэргүүлэгч орон болох ХБНГУ-ын канцлер  Ангела Меркел сэргээгдэх эрчим хүчийг ашиглах шийдвэр гаргачихлаа. Бүр 2020 он гэхэд бүх атомын цахилгаан станцуудаа хаана гэсэн байгаа. Мөн арлын япончууд ч энэ чиглэл рүү явахаар болсноо саяхан дэлхий нийтэд зарлачихсан. Иймд хамгийн аюулгүй нөхцөлд амьдарч, оршин тогтнож байгаа бид яагаад тэр айдас, хүйдэс рүү алхах ёстой юм бэ.
-Гэхдээ манайд хэрэгжиж байгаа нь тийм ч үр дүнтэй болохгүй байгааг шүүмжилсээр байна. Салхин сэнс жил ч бололгүй эвдэрч, нарны зайн хураагуур ч мөн адил. Бас усан цахилгаан станц барьсан ч хангалттай усгүй гэсэн шалтгаанаар цахилгаан үйлдвэрлэж чадахгүй байгаа шүү дээ?
-Иймэрхүү асуудал үүссэн гэдгийг мэдэж байна. Тэр чинь чанаргүй техник оруулж ирсэнтэй холбоотой. Мөн тооцоо судалгаагүйгээр хаа хамаагүй газар суурилуулчих-сан болохоор салхин сэнс эргэхгүй, усан станц нь ажиллахгүй байгаа хэрэг. Үүнээс гадна гадаадаас ашиглагдахаа больсон зүйлийг оруулж ирдэгтэй холбоотой гэж хэлэх нь зүйтэй байх. Харин одоо хэрэгжүүлэх гэж байгаа төслүүд нь өндөр технологийнх юм. Тэгэхээр ямар нэгэн асуудал үүсэхгүй.
-Монгол Улс атомын цахилгаан станцтай болохгүй юм бол уран олборлох шаардлагагүй, Цөмийн энергийн газар ч хэрэггүй болох нь?
-Ягч тийм биш. Тэр газрыг татан буулгах шаардлагагүй. Уранаа  олборлодгоороо олборлоод түүхий эдээ боловсруулж  гадаадад гаргаж болно. Ерөнхийдөө бид урантай гэж ярьцгаан цөмийн станц барихаар муйхарлан зүтгэх нь л буруу юм. Хэрэв үүнийг бий болговол зайлшгүй цөмийн хаягдалтай тулгарч, эх орондоо булшлах асуудал үүснэ. Энд нэг зүйл сонирхуулахад ураны хог хаягдал арван мянган жилийн дараа аюулгүй болж, задардаг. Газрын гүнд, төмөр торхонд ураны хаягдлаа хийгээд бетонддог ерөнхий зарчимтай. Одоогийн булшилж буй энэ технологи нь ч найдваргүй гэсэн. Хэрэв хүчтэй газар хөдлөлт үүсвэл задарч гүний ус, газрын гадарга дээр гарч ирэх боломжтой.
-Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшилна гэж гадаадын хэвлэлүүдэд бичсэн тухай мэдээлэл цацагдах боллоо?
-Ийм зүйл болсон гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Дэлхий нийт ил тодоор энэ тухай ярьж байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч түр саатаад явлаа. Ганцаарчилсан уулзалтынхаа үеэр юу ярьсныг хэн мэдэх вэ дээ. Цөмийн хог хаягдлыг булшлах талаар ч юм билүү. Энэ талаар тодорхой мэдээлэл алга байна. Атомын цахилгаан станц ашигладаг том гүрнүүд хог хаягдлаа хаана булшлахаа шийдэж ядан сууна. Нэг хэсэг африкт булж байсан. Одоо манай улсад булах гээд байна уу гэсэн хардлага ч бий. Засгийн газраас л асуумаар байгаа юм. Хэн гэдэг хүн хэний үүрэг даалгавраар гэрээ, санамж бичигт гарын үсэг зурчихав гэдгээ тайлбарлах л болж байна.
-Тайлбар хүсэж шаардлага хүргүүлсэн эсэх талаар?
-Нэр бүхий гишүүдтэй хамтран энэ асуудлыг хөндөж, хариу өгөхийг шаардсан. Сонин хэвлэлийг харж суухад эцэстээ Засгийн газар нэг агентлагийн даргыг л золионд гаргах гээд байх шиг. Би ч ингэж л хардаж байна даа. Ер нь, улстөрчид маань хор уршиг, ирээдүйд ямар хэмжээний гамшиг тарьж болох аюулыг харж зөв шийдвэр л гаргах нь чухал юм уу даа.
-Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчлөөс болж станц барих, хог хаягдлыг нь булшлах асуудал гарсан юм болов уу?
-Байгаа л гэж бодож байна. Би хэн хэлэлцээр хийж, гарын үсэг зурсныг гадарлаж л байгаа. Ураны орд газар эзэмших лицензтэй хүмүүс ард нь сууж буй биз. Түүхий эд олборлон, худалдаад маш их ашиг олох сонирхолтой яваа, тэр хүмүүс.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.