Д.Ганхуяг: Ямар нэгэн хувийн сонирхлоор асуудалд хандаагүй
2011.08.18

Д.Ганхуяг: Ямар нэгэн хувийн сонирхлоор асуудалд хандаагүй

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын гишүүд УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн барьсан. Хууль санаачлагч Д.Ганхуяг гишүүнтэй цөөн хором ярилцлаа.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд чухам ямар зорилгоор өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон Ч.Сайханбилэг, Ц.Батбаяр, З.Алтай нартай хамтран санаачилсан юм. Төсөл батлагдсанаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах тэрэлжийн төв суурин, хоёр дүүргийн хооронд байрлах БЗД-ийн 11 дүгээр хороо Хон-хорын "Туул Зөрлөг"-д амьдарч байгаа 566 өрх,1500 иргэн газраа өмчлөх эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Нийт газрын хэмжээ нь 296 га газар.
-Та бүхний санаачилсан хуулийн төсөл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан уу?
-Хамгийн гол нь дээрх хоёр газрын иргэд энэ газартаа 1950, 1955 оноос хойш амьдарч байна. Нөгөө талаас энэ суурин газруудад засаг захиргааны нэгж болох Налайх дүүргийн зургадугаар хороо, БЗД-ийн 11-р хороо нь 1981, 2000 онуудад Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдахаас өмнө байгуулагдсан байдаг. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд Дархан цаазат богд уулын ар, өвөр тал барилга, байгууламж, өндөр зэрэглэлийн орон сууцаар дүүрсэн байгааг бид бүхэн харж байгаа. Гэтэл эдгээр иргэд 1950,1955 оноос хойш газартаа амьдарч байгаа ч тусгай хамгаалалтаас болоод газраа өмчлөх, эзэмших боломжгүй байсаар ирсэн.
-Өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын саналыг авсан уу. Газар эзэмших тухай хууль болон төрийн бодлогод хэр нийцэж байгаа вэ?
-Засгийн газрыг төлөөлж салбарын БОАЖЯ-ны саналыг авч бүрэн санал нэгдсэн. Анх тусгай хамгаалалттай газрын хилд өөрчлөлт оруулах Налайх, Баянзүрх дүүргээс ирсэн санал 32.000 орчим га газрыг хамарсан байсан. Тэгээд БОАЖЯ-тай хамтарч ажиллан зөвхөн жилийн дөрвөн улиралд иргэд нь суурышсан хот суурин газар, мөн засаг захиргааны нэгж болох хорооны контор байрлах, дээр нь иргэд нь эдгээр хот сууриндаа газрын тухай багц хуулийг батлагдахаас олон жилийн өмнөөс энэ газартаа амьдарч байгаа зэрэг үндэслэлийг баримталж 296 га газар  болгож бууруулсан. Өмнө нь Яг ийм шалтгаанаар Хэнтий аймгийн Дадал сум болон Хөвсгөл аймгийн Ханх сумын төвийн газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргаж байсан.
Ер нь цаашид энэ тусгай хамгаалалттай газар нутагтай холбогдох төрийн бодлогыг боловсронгуй болгох шаардлагатай.
Тухайлбал "Зохистой өмчлөлт, эзэмшилт, ашиглалт" хамгийн хамгаалалт гэдэг зарчмыг Газар зохион байгуулалт, газрын менежментэд нэвтрүүлэх шаардлагатай. Тэрнээс нийт газар нутгийн тэдэн хувь нь тусгай хамгаалалттай, байгаль орчныг байцаагчтай гэдэг үзүүлэлтээр бахархах шаардлага ердөө байхгүй. Мэдээж үнэхээр байгалийн гоц үзэсгэлэнтэй, дагшин газрууд төрийн хамгаалалтад байж болно. Гэхдээ л үзэсгэлэнтэй газраа ч аль болох иргэддээ ойртуулах, эзэмшүүлэх, зохистой ашиглах бодлогыг гаргаснаар л тэр байгаль найдвартай хамгаалагдсаар иржээ. Бид ойн тухай хуульд 2004-2008 оны хооронд ийм өөрчлөлтийг хийснээр тодорхой үр дүн гарч байгаа.
Газар нутгаа зөв ашиглах нь нэг иргэнд оногдох газар нутгаараа дээгүүрт орох манай улсын тухайд өрсөлдөх чадварын суурь үзүүлэлт юм.
Өнөөгийн байдлаар Тусгай хамгаалалттай газар нутагт сум, хороо зэрэг Монгол Улсын засаг захиргааны нэгж байрлаж байна. Мөн иргэд олон жилийн турш амьдарч байгаа суурин газрууд бий. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх Баянзүрх дүүргийн Ш хороо бидний нэрлэж заншсанаар Хонхор нь 1981 онд байгуулагдсан. Энэ хорооны нутаг дэвсгэр дэх төмөр замын Туул зөрлөг"-т 1955 оноос хойш 56 өрх буюу 300 гаруй иргэн амьдарч байна. Мөн Хан- Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Налайх дүүргийн I, V, VI хорооны нутаг дэвсгэр хамруулах болсон юм. Улмаар VI хорооны төв болох Тэрэлжид 510 өрх буюу 1200 гаруй иргэний ихэнх нь 1950-иад оноос хойш амьдарч байна. Эдгээр иргэний ихэнх нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдахаас өмнө энэ нутагтаа оршин сууж байсан юм билээ.
-Тэгвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тухайн айлуудад газрыг нь өмчилж өгнө гэсэн үг үү?
-Эдгээр иргэний эрх ашгийг хангах үүднээс Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын бүс дэх Баянзүрх дүүргийн XI хорооны Төмөр замын Туул зөрлөг"-ийн 33.5 га газар, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь Налайх дүүргийн VI хорооны болон Тэрэлжийн төв суурин байрлах 262.5 га нийт 296 га газрыг чөлөөлж оршин суугчид газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, тогтоолын төсөл батлагдсанаар засаг захиргааны нэгж байрлаж байгаа төрийн тусгай хамгаалалттай газар нутаг дахь 296 га газарт он удаан жил, үе дамжин амьдарсан 566 өрхийн 1500 гаруй иргэдийн газар өмчлөх, эзэмших эрх хангагдана. Улмаар үл хөдлөх хөрөнгө болох орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулж эрхтэй болно.
-Энэ талаар БОАЖЯ-ныхантай санал солилцсон уу. Тухайн хэсгийн айлууд газраа өмчилж авахаар тэмцэл хүртэл өрнүүлж байсан ч амжилтад хүрсэн удаагүй. Магадгүй энэ удаад ч гэсэн таны саналыг хүлээн авахгүй байж мэдэх юм?
-Дэлхийн олон улсад байгаль орчныг хамгаалах бодлого орон нутгийн иргэдийн зохион байгуулалттай оролцоонд үндэслэн зохистой ашиглалт нь хамгийн сайн хамгаалалт гэсэн зарчимд суурилснаар амжилттай хэрэгжиж байна. Тогтоолын төсөл нь гурван заалттай. Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх дээрх 262.5 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх, хилийн заагийн өөрчлөлтийн солбилцлыг батлах, хилийн заагт холбогдох өөрчлөлтийг л оруулна. Түүнээс биш ямар нэгэн хувийн сонирхлоор асуудалд хандаагүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.