Д.Ганхуяг: Тусгай хамгаалалтын бүсээс 400 га газрыг нь иргэдтэй өмчлүүлнэ
2011.08.12

Д.Ганхуяг: Тусгай хамгаалалтын бүсээс 400 га газрыг нь иргэдтэй өмчлүүлнэ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын нэр,бүхий хэдэн гишүүд УИХ-ын дэд даргад өчигдөр өргөн барьсан юм. Хуулийн төсөл санаачлагч Д.Ганхуяг гишүүнээс зарим зүйлийгтодрууллаа.
-Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Төрийн тусгай хамгаалалттай газраас 400 га газрыг гаргах зорилготой өргөн барилаа. Тусгай хамгаалалттай газраас гаргах гэж байгаа энэ газарт Налайх дүүргийн VI хороо, Тэрэлжийн түр суурин, "Улаанбаатар II" зочид буудлын орчмын газар багтаж байгаа юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо орж байгаа. Хүмүүсийн нэрлэдгээр Хонхор шүү дээ. Тэгээд Баянзүрх дүүргээс Налайх руу явах замд харагддаг төмөр замын зөрлөг багтсан. Энэ газруудад нийтдээ 566 өрх, 1500-аад иргэн байна. Энэ газруудыг тусгай хамгаалалттай бүсээс гаргавал тэнд амьдарч байгаа иргэд газраа өмчлөх эрхтэй болох юм. Ингэснээр үл хөдлөх хөрөнгө нь эдийн засгийн эргэлтэд орно. Иргэдийн амьжиргаанд хэрэгтэй биз дээ. Байгаль орчныг зохистой ашиглуулах бодлогын талаар дэлхийн улс орнууд ярьж байна. Үүнийг Монголд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Байгалиа хамгаалахын тулд улсын төсвөөс хөрөнгө гаргаад баахан байцаагч, манаач тавьж болно. Гэхдээ ур дүн нь тааруу байдаг шүү дээ. Харин тусгай хамгаалалттай газрыг  иргэдэд өмчлүүлбэл байгаль зохистой ашиглалтад орж, хамгаалагдана гэсэн үг.
-Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үү?
-Тийм Энэ хуулийн төслийг өргөн барихад Засгийн газар. орон нутгийн засаг захиргаатай зөвшилцөж байж, 100 хувь нэгдсэн саналд хүрсэн юм.
-Иргэн болгонд газар өмчлүүлэх эрх олгох ажил 2013 онд дуусаж байгаа байх аа?
-2013 он арай болоогүй байна. Өрхийн зориулалтаар газар өмчлөх асуудлыг зохицуулах Газрын тухай ерөнхий хууль гарчихсан байгаа. Харин 2007 онд Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэхээр шийдсэн шүү дээ. Иргэн бүрт өмчлүүлэх 0.07 га газар бол маш багад тооцогдоно. Иргэн болгонд 0.07 га газар өмчлүүлэхэд Монголын нийт газар нутгийн гурван хувьд ч хүрэхгүй юм билээ. Тиймээс одоо газар хувьчлалын үр дүнг судалж байна. Кадастрын тухай, хот төлөвлөлтийн талаар газар зохион байгуулалт, менежменттэй холбоотой асуудлыг судалж байгаа. Өөр нэг асуудал нь хот суурин газарт, тэр дундаа гэр хороололд амьдардаг айлууд мал ч үгүй, орон сууц н үгүй хоцорсон. Тэгэхээр улс төрийн бодлогоор газрыг нь үнэд оруулаад ирвэл амьдралд нь тустай юм.
-Иргэд өмчилж авсан газраа хоорондоо худалдаж болох нь ээ?
-Бусад оронд бол газрын жишиг үнэ тогтоогоод зарлачихсан байдаг. Үүнийг судалж гаргасан хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан байгаа. Мөн хотыг дахин төлөвлөх тухай хуулийн төсөл ч бий. Тэдгээр хуулийг намрын чуулганаар батлаад гаргачихвал их ажил нугарна. Газартай холбоотой менежментийг байнга боловсронгуй болгох нь улс орны хөгжилд нэмэртэй шүү дээ. Хэрэв газар байхгүй бол ашигт малтмал ч олдохгүй гэсэн үг. Газрын менежментийг сайжруулах нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Уг нь нэг хүнд ногдох газар нутгаараа бид дэлхийд нэг номерт байгаа шүү дээ.
-Иргэн газраа худалдсан ч газар өмчлөх эрх нь хэвээрээ байна биз дээ?
-Иргэн газраа худалдахгүй, хувийн орон сууцаа худалдана гэх бүрэн эрхтэй. Төр, хувийн өмч адилхан хуулиар хамгаалагдсан байгаа.
-Иргэн бүрт газар өмчлүүлэх ажлын хугацааг сунгах боломж байгаа юу?
-Энэ асуудлыг судалж байгаад шийднэ.
-Одоо Монголын нийт иргэдийн хэдэн хувь нь газраа өмчлөөд байгаа бол?
-Хот суурин газарт иргэдийн 60-70 хувь нь газраа өмчилсөн байна. Хөдөө суманд бараг иргэн бүр газраа өмчилчихсөн байна. Энэ бол сайн хэрэг шүү дээ. Үүнийгээ дагаад газар үнэд орсон байгаа. 0.5 га газар хамгийн багадаа таван сая төгрөгөөс буухгүй байна лээ шүү.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.