Д.Ганхуяг: Тэрэлжийн төв суурин, хонхрын “Туул зөрлөг”-ийн 566 өрх газраа өмчлөх эрхтэй болно
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд чухам ямар зорилгоор өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ төслийг БЗД, Налайх дүүргээс сонгогдсон Ч.Сайханбилэг, Ц.Батбаяр, З.Алтай нартай хамтран санаачилж боловсруулсан юм. Энэ төсөл батлагдсанаар Налайхын зургадугаар хороонд байрлах Тэрэлжийн төв суурин, БЗД, Налайх дүүргийн хооронд байрлах БЗД-ийн XI хороо Хонхрын "Туул Зөрлөг"-т амьдарч байгаа 566 өрх, 1500 иргэн газраа өмчлөх эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Нийт газрын хэмжээ нь 296 га газар л даа.
-Та бүхний санаачилсан хуулийн төсөл УИХ-аар батлагдах уу. Ямар үндэслэл байна вэ?
-Хамгийн гол нь дээрх иргэд нь энэ газартаа 1950,1955 оноос хойш амьдарч байна. Нөгөө талаас энэ суурин газруудад засаг захиргааны нэгж болох Налайх дүүргийн VI, БЗД-ийн XI хороо нь 1981, 2000 онуудад Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдахаас өмнө байгуулагдсан байдаг. Нөгөө талаас сүүлийн жилд Дархан цаазат богд уулын ар.өвөр тал барилга, байгууламж, өндөр зэрэглэлийн орон сууцаар дүүрсэн байгааг бид бүхэн харж байгаа. Гэтэл эдгээр иргэн 1950,1955 оноос хойш энэ газартаа амьдарч байгаа ч тусгай хамгаалалтаас болоод газраа өмчлөх, эзэмших боломжгүй байсаар ирсэн.
-Энэ төслийнхөө талаар Засгийн газрын саналыг авсан уу. Энэ төсөл төрийн бодлогод хэр нийцэж байгаа вэ.
-Засгийн газрыг төлөөлж салбарын БОАЖЯ-ны саналыг авч бүрэн санал нэгдсэн.Анх тусгай хамгаалалттай газрын хилд өөрчлөлт оруулах Налайх, БЗД-ээс ирсэн санал 32 мянга орчим га газрыг хамарсан байсан.Тэгээд БОАЖЯ-тай хамтарч ажиллан зөвхөн жилийн дөрвөн улиралд иргэд нь суурьшсан хот суурин газар, мөн засаг захиргааны нэгж болох хорооны контор байрлах, дээр нь иргэд нь хот сууриндаа газрын тухай багц хуулийг батлагдахаас олон жилийн өмнөөс энэ газартаа амьдарч байгаа зэрэг үндэслэлийг баримталж 296 га газар болгож бууруулсан. Энэ ч зөв л дөө. Өмнө нь ийм шалтгаанаар Хэнтий аймгийн Дадал сум болон Хөвсгөл аймгийн Ханх сумын төвийн газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргаж байсан.
Ер нь, цаашид энэ тусгай хамгаалалттай газар нутагтай холбогдох төрийн бодлогыг боловсронгуй болгох шаардлагатай.
Тухайлбал " Зохистой өмчлөлт, эзэмшилт, ашиглалт" нь хамгийн сайн хамгаалалт гэдэг зарчмыг газар зохион байгуулалт газрын менежментэд нэвтрүүлэх шаардлагатай. Тэрнээс нийт газар нутгийн тэдэн хувь нь тусгай хамгаалалттай, байгаль орчныг байцаагчтай гэдэг үзүүлэлтээр бахархах шаардлага ердөө байхгүй. Мэдээж үнэхээр байгалийн гоц үзэсгэлэнтэй.дагшин газрууд төрийн хамгаалалтад байж болно. Гэхдээ л үзэсгэлэнтэй газраа ч аль болох иргэддээ ойртуулах, эзэмшүүлэх, зохистой ашиглах бодлогыг гаргаснаар л тэр байгаль орчин найдвартай хамгаалагдсаар иржээ. Бид Ойн тухай хуульд 2004-2008 оны хооронд ийм хэлбэрийн өөрчлөлтийг хийснээр тодорхой үр дүн гарч байгаа. Газар нутгаа зөв ашиглах нь нэг иргэнд оногдох газар нутгаараа дээгүүрт орох манай улсын тухайд өрсөлдөх чадварын суурь үзүүлэлт юм.