“200 мянган айлын орон сууц” айсуй
МАН
“200 мянган айлын орон сууц” айсуй
Дөрөвхөн жилийн дотор барилга байшин /хот, хөдөөгүй/ тоолж барахын аргагүй биш ч гэлээ тун боломжийн хэмжээнд сүндэрлэжээ. Тэртээ тэргүй нүдэнд ил байгаа болохоор үгүйсгэхийн аргагүй ололт амжилтын нэг бол яах аргагүй барилгын салбарын хөгжил юм. Тэр тусмаа хүний хамгийн амин чухал хэрэгцээ болсон орон сууцны хангамж, нийлүүлэлтэд чамлахааргүй дэвшил гарсан байна. Төр засгийн хувьд нэг талаас иргэдийнхээ эрүүл, аятай таатай амьдрах орчныг бүрдүүлэх, нөгөө талаас агаарын бохирдол хэмээх бодит аюул заналыг үгүй хийхийн тулд орон сууцжуулуулах аянг эрчимтэй эхлүүлсэн. Үр дүнд нь л “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжих эхлэл тавигдаж одоо ид өрнөлийнхөө шатанд нэгэнт хүрчээ. Ердөө хэдхэн сарын дотор бага, дунд орлоготой, анх удаа орон сууц авах иргэд 55 м/кв-аас ихгүй талбайтай орон сууцыг жилийн зургаан хувийн буюу сарын 0.5 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлээр авч эхлээд байна.
Гэрээний дагуу иргэд урьдчилгаа болгож орон сууцны үнийн 10 хувийг л бэлнээр төлнө. Үлдсэнийг нь 20 жилд бага хувийн хүүтэйгээр төлж барагдуулна гэсэн үг. Бизнес эрхэлдэггүй ч тогтмол ажил, орлоготой иргэдэд байртай болох үүнээс илүү ямар боломж байх билээ. Хүн төвт бодлогын хүрээнд МАН-аас санаачилан хэрэгжүүлж буй их ажлын бодит дүр зураг иймэрхүү байдалтай харагдаж байгаа нь нийгмийн хөгжлийн зорилттой маш нягт уялдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм тун боломжтой, эдийн засгийн гаргалгаатай хувилбарыг МАН-ын Засгийн газар ард иргэддээ санал болгосон нь богино хугацаанд дэмжлэг авч, амьдрал дээр хэрэгжих бүрэн боломжтой хөтөлбөр болохоо харуулж эхлээд байна. Нэг ёсондоо “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр яаж ч харлуулахын аргагүй бүтээн байгуулалтын үр дүн гэсэн үг.
Талархууштай нь МАН 2012 оны сонгуулийн хөтөлбөртөө ард түмнээ орон сууцжуулуулах бодлогоо үргэлжлүүлж “200 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хот, хөдөөд хэрэгжүүлэх зорилт дэвшүүлснээ ард иргэдэд тайлбарлаж эхэлжээ. Үүний хүрээнд залуу гэр бүлийг дэмжих үүднээс залуучуудад зориулсан 20-44 м/кв талбайтай орон сууцны хороолол барихаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Өнөөдөр Монголд гэр бүл салах үзэгдэл байсаар байгаа нь нууц биш. Тэгвэл үүнд орон байрны асуудал нөлөөлдөг нь тодорхой болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн байргүйгээс хоёр тийшээ болохоос аргагүйд хүрч буй залуус цөөнгүй бий.
Хэрэв МАН-аас дэвшүүлсэн “Залуучууд-орон сууц” хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл гэр бүл тогтворжиж, Монголын ирээдүйд нэгэн гэрэл гэгээ нэмэгдэх бус уу. МАН-ын орон сууцжуулах стратегийн дагуу “Хуучин байруудыг дахин төлөвлөлтөд оруулж, шинээр солих, шинэ хорооллуудын шинэ хорооллуудын инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулна” гэдэг яг одоо тулгамдаад буй, хойшлуулшгүй чухал заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасаныг энд зориуд иш татах нь зүйтэй болов уу. Үнэхээр мэдрэмжтэй хандсан байгаа биз? Тэгэхлээр 100 мянган айлыг хашаа байшин, таван ханатай гэрээс нь салгах бодлого нэгэнт бодит ажил болоод эхэлсэн болохоор “200 мянгын” үр дүнг үзэх л хэрэгтэй болж байх шиг байна. Бидэнд улстөржсөн мөчөөрхөл, түүний сүүдэр болсон хөгжлийн гацаа саад хэрэггүй. Энэ утгаараа МАН-д хөтөлбөрөө биелүүлэх боломжийг нь олгоё.
Ингэхийн тулд энэ намыг дэмжихээс өөр гарц алга даа, сонгогчдоо. Учир нь барилга бол бүтээн байгуулалт. Барилга бол хөгжлийн илэрхийлэл билээ.
АН
АН-ын барилгажуулах ерөнхий төлөвлөгөө биелэх үү
Иргэдэд юу хэрэгтэй байна вэ? Орон байр! Сонгогчдын хувьд энэ хүрээнд намуудын мөрийн хөтөлбөрт ямар дэвшилттэй санаа тусч вэ гэдгийг хамгийн түрүүнд харж байгаа нь илт. Тэр тусмаа хэрэгжих үндэстэй эсэхийг нь нарийвчлан тунгааж байх шиг. Энэ утгаараа хүн шиг амьдруулах гэж ярьж, бичиж байгаа АН-ын мөрийн хөтөлбөрийг үг үсэггүй уншиж, эргэцүүлж бодож байгаа хашир хүмүүс олон байгаа юм. Яагаад гэвэл байртай болохоос л “хүн төрхтэй” амьдрах эхлэл тавигддаг учраас тэр юм болов уу даа.
Гэтэл АН-ын мөрийн хөтөлбөрт “Ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах бодлогыг бодитоор хэрэгжүүлж, хот төлөвлөлтийн дагуу гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хотууд, аймаг, сумын түвшинд хэрэгжүүлнэ” гэдэг хэт ерөнхий таван өгүүлбэрээс өөр тоймтой зүйл ховор. Харин “Аймаг, нийслэл, дүүрэгт усан бассейн бүхий спортын ордон барих ажлыг үргэлжлүүлж, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай шинээр барьж хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, хот, суурин газар, байгууллага хамт олон, өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэдэг тансагдуухан амлалт зонхилж байх юм. Байртай болж амжаагүй хүмүүст тэр бассейн, мөсөн гулгуурын талбай тийм чухал гэж үү. Тэгээд ч орон сууцжуулж байж л утаанаас сална.
Хотод бол утаа униар дунд мөсөн гулгууртай байсан ч адил, байхгүй ч адил шүү дээ. Ер нь яг тодорхой гаргалгаатай, эдийн засгийн үндэслэлтэй зорилт дэвшүүлж чадсангүй. Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, барилгын материалын туршилт, сорилын лабораторийг бүсийн тулгуур төвүүдэд бий болгоно л гэнэ. Яаж, ямар арга замаар вэ? Шинээр барих барилгуудын зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг тусгана л гэнэ. Тэр шийдэл гэдгийг нь сонгогчид яаж ойлговол зохих вэ? Түүнээс гадна “Барилгын салбарын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, мөрдүүлэх замаар хүний амьдрах орчны аюулгүй байдлыг дээшлүүлнэ” ч гэх шиг хүн болгоны мэддэг мэдээжийн сонирхол дээр тоглосон хэт ерөнхий заалтууд оруулжээ. Өөрөөр хэлбэл, барилга орон сууцжуулах бодлогод тоймтой ач холбогдол өгөхгүй байгаа нь тэдний дэвшүүлж, ард түмэнд санал болгоод буй мөрийн хөтөлбөрөөс нь л лав харагдаад байх шиг.