2022.11.10

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 2023 оны төсөв Монгол улсын хөгжил, ард түмний амьдралд өөрчлөлт гаргаж чадахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Ирэх жил 600 гаруй тэрбум оруулахаар төлөвлөж буйг гарч байгаа баялагтай нь харьцуулахад үнэхээр жижиг байна. Ийм байж болохгүй шүү дээ. Үүн дээр ажиллах шаардлагатай. Оюу-Толгой төсөл Монголын эрх ашгийг хангуулах 92-дугаар тогтоолыг хаасан. Тийм байж болохгүй. Эрх ашиг хангагдахгүй байна. 2023 онд үүнийг үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй.

Төсвийнхөө ач холбогдлыг эрэмбэлж, хэмнэлт гаргаж чадаагүй. Мөн төсвийн алдагдлыг бууруулах боломж байхад алдагдлыг бууруулж чадаагүй. Төсөв маань бүхэлдээ хөгжил биш урсгал зардал санжүүжүүлж байна. 2023 онд Монгол улсын засгийн газар 1 тэрбум долларын гадаад өр төлнө. Энэ тодорхойгүй байгаа. Засгийн газрын өрийн хэмжээ 35 их наяд болж 7 их наядаар нэмэгдсэн. Ажлын байр нэмэгдүүлсэн, ЖДҮ-г дэмжих, ард  иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, шинжлэх ухаан, технологи инновацыг дэмжсэн бодлого энд алга.

Төсвийн бодлого нь мөнгөний бодлоготойгоо уялдаа муутай. Мянган хүнд ногдох төрийн албан хаагчийн тоогоор Монгол улс дэлхийд манлайлдаг. Гэтэл өнөөдөр шинжлэх, ухаан технологийн ололт, амжилтыг ашиглаад төрийн зардлыг бууруулах чиглэлд хийсэн ажил байхгүй. Боломжоосоо доогуур төлөвлөөд үүнийгээ төлөвлөгөө биелүүлсэн болоод явдаг. Далд эдийн засаг, хулгайтай тэмцсэнгүй. 2023 оны төсөв Монгол улсын хөгжил, ард түмний амьдралд өөрчлөлт гаргаж чадахгүй. Далд эдийн засаг, хулгай луйврыг ил болгож чадсан бол 19 их наяд төгрөгийн орлогыг 1 дахин илүү нэмэх боломж байсан.  

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.