2022.05.26

Б.Бат-Эрдэнэ: Гадаадаас өр тавьж авсан мөнгийг юунд зарцуулсныг тодруулж өгнө үү

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төрийн бүх шатанд хариуцлагатай холбоотой асуудал үнэхээр чухал байна. УИХ-ын дарга чиглэл өгөөд даргын дэргэдэх зөвлөлөөр төрийн албаны ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулийн хэлэлцүүлгийн хүрээнд өнөөдөр Сангийн яаман дээр  ёс зүйн зөвлөлүүдийг бэхжүүлэх нь сэдэв хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд 6 яам оролцсон. Яамдын сайд нараас нэг ч хүн байхгүй. Уг нь яамдын сайд, дэд сайдын тоо бол хангалттай байгаа. Бусад ажил хариуцаж байгаа хүмүүс үүнд яагаад ингэж хандаж байна. Арай хэтэрхий байна шүү. Энэ хүмүүст яаж хариуцлага тооцох вэ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт нийт 33,2 тэрбум доллар, Засгийн газар 8,4 тэрбумын өртэй байхад яагаад ард түмний амьдрал муу, ард түмэнд наалдацгүй байна вэ. Үүнд судалгаа хийж дүгнэлт гаргасан уу.  Дэд бүтцийн хөгжил сул, хил боомт, төмөр зам байгуулаагүй, засмал зам мөн ялгаагүй, эрчим хүчний хувьд хараат, цаашлаад үйлдвэрлэлт байхгүй. Энэ их өр зээл хаагуур орж, юунд зарцуулагдсан талаар судалгаа дүгнэлт байна уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.