2022.10.13
Б.Жаргалмаа: Хүүхэд хамгааллын төсвийг 2023 оны төсөвт яагаад танаж оруулж ирсэн бэ
УИХ-ын ээлжит чуулганы /2022,10,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүүхэд, хамгаалал хөгжлийн чиглэлээр зарцуулсан тооцооллыг харвал 2017 онд 900 сая төгрөг, он онд тодорхой хэмжээгээр нэмэгдээд 2022 онд нийтдээ 8 тэрбум төгрөгийг хүүхэд, хамгааллын төсөвт тусгаж чадсан байна. Хэдийгээр санхүүжилт нэмэгдсэн ч хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй хүүхэд хүүхдүүдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн гүйцэд үзүүлж чадахгүй, тасралтгүйгээр явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн хэвээрээ байгаа.
2023 оны төсөв орж ирэхтэй зэрэгцээд ХНХЯ-аас нийтдээ 10 тэрбум төгрөг хэмээн төсөвлөж Сангийн яаманд саналаа өгсөн байна. Гэтэл одоо орж ирсэн төсвөөр 5.2 тэрбум төгрөг буюу 5 тэрбум 249 сая 999 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны төсвөөсөө 2 тэрбум 750 сая төгрөгөөр хасагдсан байгаа юм. Монгол улсын нийт хүн амын 37.3 хувийг эзэлж байгаа 0-18 хүртэлх насны хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээгээ бид ийнхүү танаж байна. Төсөвт танаж болох олон зүйл бий. Монголын төр хүүхдүүдээсээ харамлаж, аюулгүй амьдрах боломжийг нь хааж, энэ төсвийн таналт хийж болохгүй. Улсын хэмжээнд 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс 70% нь л тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Үүнээс 30% нь хамрагдаж чадахгүй байгаа. 2022 онд нийтдээ 106 хүүхдийг тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт хамруулсан байна. Гэтэл 2023 онд тавьж буй төсвөөр 70 хүүхдийг л сургууль, цэцэрлэгт хамруулж чадах нь. Ийм хүмүүсээс бид төсвөө харамлаад байх уу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.