2022.11.03

С.Одонтуяа: Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бус төсвийн тогтворгүй байдлын тухай гэж баталж болох уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бус төсвийн тогтворгүй байдлын тухай гэж баталж болох уу. Ер нь тийм жишиг байна уу?

Бидний яриад байгаа төсөвт хамгийн чухал үр нөлөө үзүүлдэг нь тогтвортой байдлын тухай хууль шүү дээ. 2010 оноос хойш нийтдээ энэхүү хуулийг 13 удаа өөрчилжээ. Тэгэхээр үүнийг тогтвортой байна гэж үзэх болох уу.

Төсвийн хүрээний мэдэгдлийг гурван жил хөдөлгөхгүй явъя гэсэн хэр нь жилд 4-5 удаа өөрчилж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг больчихвол яасан юм, нэгэнтээ л биелдэггүй худал, юм чинь амьдралд ойрхон, илүү практикал зүйл дээр ажиллавал яасан юм.

Дэлхий даяар Олон Улсын байгууллагууд нэг л зүйлийг анхааруулж байна. Энэ нь төсвийн хатуу сахилга баттай байх явдал. Төсвийн сахилга батыг мөрдөхгүйгээр ажил урагшилна гэж байхгүй.

Сүүлийн 15 жилд хийсэн судалгаатай нэг бүрчлэн танилцлаа. Түүнчлэн төсвийг нийт ард иргэдэд хүртээмжтэй, тэгш боломжтой байдлаар батлах ёстой. Гэтэл өнөөдөр зарим аймагт нэг хүнд ногдох хөрөнгө оруулалт нь өчнөөн тэрбум гарчихсан байхад зарим аймагт нь юу ч байдаггүй байх жишээний.

Хотын дарга асан Э.Бат-Үүл нь нийслэлийн бүх хороод дээр эрүүл ахуй, аюулгүй байдлын индекс гэж гаргаж байсан. Өөрөөр хэлбэл аль хороонд асуудал илүү ноцтой байна, тийшээ хөрөнгө оруулалтыг илүү тавьж байсан. Тэгэхээр бид илүү судалгаатай, нийт иргэд  ээ бодсон төсөв хиймээр байна.

Жишээ нь Аргентин улс төсвийн тогтвортой байдал болон төсвийн хүрээгээ л өөрчлөхгүй, сахилга баттай барьж чадсанаар эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлсэн гэдэг шүү дээ. Бид аливаа юмны сайнаас суралцмаар байх юм.

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө