2022.10.13

Ц.Цэрэнпунцаг: Орон нутагт ипотекийн зээлтэй холбоотой ямар бодлого баримталж байна вэ

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

2023 онд Монголбанкнаас ипотекийн зээл Засгийн газар луу шилжих ёстой. Үүний бэлтгэл ажлыг яаж хийх вэ? Холбоотой зардал суулгасан юм байгаа юу. Ямар бүтэцтэй байж үүнийг цааш нь авч явах юм. Энэ тал дээр төсөвт тусгагдсан юм бий юу? Мөн ипотекийн зээлтэй холбоотой орон нутаг руу тусгаж байгаа зүйл юу байна вэ?

Эрчим хүчний салбараа либериалчилна гээд ярьж байна. Энэ салбарын эх үүсвэр дутмаг. Тусгай зөвшөөрөл, лиценз авахад 280 хоног шаардагдаж байна гэсэн судалгаа гарсан. Зөвхөн зөвшөөрөл дээр бараг 1 жилийн хугацааг зарцуулж байхад бусад бүтээн байгуулалтын ажил яаж үр дүнгээ өгөх юм бэ. Энэ дээр ямар бодлого баримталж байгаа вэ?

Дээрээс нь бид экспортынхоо орлогыг нэмэгдүүлье гэж байгаа. Үүнд олон төсөл, хөтөлбөрүүд тусгай зөвшөөрөл, лицензтэйгээ хөдөлж чадахгүй асуудал байна. Энийг шийдэхийн тулд ямар бодлого баримтлах вэ? Авч хэрэгжүүлэх арга хэмжээ байна уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.