2022.11.03
Ц.Даваасүрэн: 2023 оны төсвийг дагаж орж ирсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулж өгнө үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал гаргаж байна. 2023 оны Төсвийн тухай хуулийг дагасан хуулиуд дотор тогтоол байгаа. Уг тогтоолын хоёр дахь заалтаар Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж төлөх заалт явж байгаа. Б.Жавхлан сайд энэ заалтаа татаж ав.
Учир нь та хамгийн ихээр Хөгжлийн банкийг үймүүлсэн хүн. Чиний менежер н.Мөнхбаяр зээлийн газрын дарга болсон, чиний танил н.Уянга зээлийн санхүүжилтийн хэсгийн захирал хийсэн. Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийг н.Батхүү захиралтай нэр бүхий компани хамтран эзэмшдэг. Чингис банкийг эзэмшдэг гэсэн үг. 40 гаруй тэрбумын хадгаламж байршуулаад байхгүй. Үүнийг хэн төлөх юм бэ?
Чи, хаана банк, хаана сан, ЖДҮ, бичил санхүүжилтийн хөгжлийн сан, төрийн банк ч тэр. Бүгд рүү нь гар дүрж байна. Одоо яаж байна гэхээр, төсөвт 60 гаруй тэрбум төгрөг байна. Энэхүү мөнгийг арилжааны банкнуудын зээлийн хүүгийн зөрүүнд олгодог. Энийг олгоод л банкнуудын захирлуудыг удирддаг болчихсон. Хэн ямар зээл авч байгаа шалгах хэрэгтэй байна.
Зээлээр мэргэшчихсэн хүн Сангийн сайд хийгээд, бүх сан, бүх банк руу ийм луйвар хийж байна. Намайг ийн хэлсний төлөө, УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд гомдол гаргавал гарга. Энэ бүгдийг түр хороо хянан шалгах хэрэгтэй байна. Тэрний дараа Хөгжлийн банкны зээлийг дарах нь зүй.
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө