2022.05.26
Ц.Даваасүрэн: Гадаад, дотоодын өр нэмэгдүүлж байгаа шалтгаан бол халамж байгаа
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Өрийн асуудал дээр гишүүд анхаарал хандуулж байгаа нь зөв. 33,2 тэрбум долларын зээлийн 12,5 тэрбум нь Оюутолгойтой шууд хамараалтай. Тэгэхээр Оюутолгойг улс орондоо эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж магтаж байсан хүмүүст үүнийг сануулахад илүүдэхгүй. Оюутолгой өөрөө өр төлөгч компани болсон байгаа. Тэр үед дэмжиж байсан хүмүүс бодох хэрэгтэй. Хувийн хэвшлийн зээлэнд нэг зүйлийг анхаарах ёстой. Ямар эх үүсвэрээс гэдгийг төр анхаарах. Зээлээ худлаа шалгуураар тооцоод байгаа. Уул уурхай, эрчим хүч, төмөр замынхаа зээлийг хассан дүнгээр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийг харьцуулж яриад байгаа юм. Өөрсдийгөө хуурахаа больё оо. Энэ бүх зээлээ, төрийн өмчийн компаниудынхаа зээлийг оруулаад өрийн шалгуур үзүүлэлтүүдээ хардаг болъё.
Экспорт дотоодын нийт бүтээгдэхүүнд бол Оюутолгойн ачуулж байгаа бараа бүтээгдэхүүнд тооцогдож байгаа. Энийг хасаж тооцъё. Ингэвэл эдийн засгийн өрөө төлөх бодитой чадамж харагдана гэдгийг анхаарах хэрэгтэй.
Өр үүсгэж байгаа гол зүйл халамж. Энэ дээр төр иргэддээ үнэнээ хэлмээр байна. Улс төрийн эрх мэдэл авахын тулд өр тавьснаа хүлээн зөвшөөрөөд, зорилтот бүлэгтээ халамж өгье гэдгээ хэлэхгүй бол хүүхдэд өгч байгаа мөнгө ирээдүйд тэдний төлөх зээл болж байгаа юм.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.