2020.12.08
Л.Мөнхбаатар: Төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг тодорхой болгох нь зүйтэй
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асуулаа:
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцлаа. Авлигатай тэмцэх газрын дарга нь дэд даргаа шууд томилдог болохоор ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа юм байна. Ер нь төрийн албаны чухал зарчим бол бий. Төрийн албаны шатлан захирагдах ёсны зарчим гэж байгаа. Энэ зарчимд нийцүүлэн өөрчлөлт оруулж ирж байгаа өөрчлөлтийг дэмжиж байна.
Цаашдаа УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагуудын тухайд УИХ зөвхөн даргыг нь томилоход хангалттай гэж үзэж байна. Анхнаасаа даргыг нь томилоод болчих юман дээр улс төрийн зөвшилцөл гэдэг юм уу, хэн нэгэн даргын саналаар дэд даргыг нь томилсоор байгаад УИХ-аас байгууллагуудын даргыг, дэд даргатай нь томилдог болсон. Энэ бол практик дээр маш олон үйл ажиллагаагаа явуулахад зөрчилтэй байдал үүсгэдэг. Ийм учраас даргыг нь томилдог чиглэл рүү явах ёстой гэж бодож байна.
Нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бол гүйцэтгэх эрх мэдлийн буюу Засгийн газрын үндсэн чиг үүрэг. Авлигатай тэмцэх газар бол гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа. Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлүүдийн гэмт хэргүүдийг илрүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагааг хийдэг байгууллага юм.
Ингэхээр эрх мэдэл хуваарилалтынхаа зарчим ёсоор бол гүйцэтгэх эрх мэдэлтэй буюу Дотоод хэргийн сайдын эрх асуудлын хүрээнд байх ёстой байгууллага гэж бодож байна. Энэ бол Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөөд явж байгаа гэж үзэж болно. Нөгөөтэйгүүр төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тодорхой хэмжээнд зөрчөөд явж байгаа зүйл юм.
Бид хараат бус бие даасан байгууллага байлгана гэхээрээ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын бүх төлөөлөлүүдээ оруулж ирээд байгаа юм. Ингээд улс төрчдөө уячихдаг. Улс төрөөсөө улам илүү хамааралтай болчихдог. Үүнийг цаашдаа авч үзэх ёстой. Цаашдаа гүйцэтгэх эрх мэдэлтэй байхын хувьд Хууль зүй дотоод хэргийнхээ эрх мэдлийн хүрээнд байх ёстой гэж би бодож байна.
Түүний асуултанд Хууль зүйн сайд Х.Нямбаатар хариуллаа.
Өнөөдөр эрүүгийн хянан шалгах хуулиар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх бүхий гурван байгууллага байгаа.
- Төрийн эсрэг гэмт хэргүүдээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй тагнуулын байгууллагын мөрдөх алба ажиллаж байгаа
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р бүлэгт заасан авлига албан тушаалын гэмт хэргийг мөрдөх чиг үүрэг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах алба байгаа
- Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах албадууд мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа.