Авлигын эсрэг хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
2021.01.28

Авлигын эсрэг хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсан хоригийн талаар үг хэллээ.

ЕТГ-ын дарга Ө.Шижир Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилэн тавьсан хоригийг танилцуулав. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан.

Улсын Их Хурлын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчиж баталсан. Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан байна. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилдог болсон тохиолдолд тус газар нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч чадваргүй, бас боломжгүй болохыг, цаашид зөвхөн эрх баригч намын үүрэг, даалгавраар ажиллахад хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэний үндсэн дээр уг хуульд хэсэгчлэн хориг тавьжээ.

Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын  27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Уг хоригийг Байнгын хорооны энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хуралдаан даргалагч гурав хоногийн завсарлага өгөөд байв.  

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Ц.Туваан нар асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өгсөн хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. Хуулийн өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилж байгаа юм биш зөвхөн санал болгоно, энэ үндсэн дээр томилгооны сонсгол явуулж Улсын Их Хурал шийдвэрлэх юм. Нөгөө талаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал нь Засгийн газрын үндсэн чиг үүрэгт хамаардаг. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тодорхойлж өгсөн. Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг тодотгов. Мөн хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад хариулт, тайлбар өгсөн юм.

Харин хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Туваан, Л.Мөнхбаатар, Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 53 нь буюу 84.1 хувь нь дэмжиж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.