2020.12.11

Ц.Сэргэлэн: Төрийн тусгай, онцгой албанд нэгдсэн удирдлага, захирах, захирагдах ёс хатуу үйлчлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Би энэ хуулийн нэмэлтийг дэмжиж байна. Яагаад энэ асуудал гарч ирж байна вэ гэдэг талаар зарчмын шинж чанартай хэдэн үг хэлье. Энэ асуудал энэ байгууллагын өөрийнх нь онцлог зүй тогтлоос нь урган гарч ирж байгаа асуудал юм. Энэ бол төрийн тусгай алба. Төрийн тусгай албанд үйлчилдэг хатуу хэдэн зарчмууд бий. Нэгтгэн удирдах зарчим хатуу үйлчилэх ёстой. Захирах, захирагдах зарчим хатуу мөрдөгдөх ёстой. Энэ бол зүй тогтол. Төрийн тусгай албадууд Монгол Улсад цөөхөн бий.

Яагаад гэвэл хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх шийдвэрийг зөвхөн дарга л гаргадаг. Дарга гаргасан шийдвэрийнхээ дагуу хариуцлага хүлээдэг. Тэрнээс энэ байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүнгийн хариуцлагыг дэд даргаас нэхэхгүй. Дэд дарга хариуцлага хүлээхгүй. УИХ энэ байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүнгийн талаарх асуулт, хариуцлагыг зөвхөн даргаас нэхнэ. Энэ бол хатуу зарчим. Тэгэхээр шийдвэрийг дарга гаргана бусад нь санал хэлэх үүрэгтэй. 

Энэ байгууллага төрийн тусгай алба болохынхоо хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэлээр зэвсэг хэрэглэдэг байгууллага. Зэвсэг хэрэглэнэ гэдэг бол  онцгой эрх. Хэдийгээр гэмт хэрэгтэн, гэм буруутай нь тогтоодоогүй байсан ч гэсэн хүний амь насны эсрэг зэвсэг хэрэглэх онцгой эрх эдлэнэ гэдэг бол туйлын хариуцлагатай асуудал. Энэ дээд зэргийн өндөр хууль сахиулах, захирах, захирагдах зарчим үйлдэгдэж байж энэ асуудал яригдана. Ийм онцгой эрхтэй байгууллагын хувьд дарга нь хоёр талаасаа томилогдон, хоёрдмол утгатай байж таарахгүй. Энэ бол байгууллагын дотор ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ байгууллагад бие биедээ итгэх итгэлийг мохоож, үл итгэх байдлыг үүсгэдэг. Хоёрдугаарт талцал хуваагдал үүсгэдэг. Энэ байдал төрийн тусгай албанд байж таарахгүй.

Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зэвсэг хэрэглэх эрхтэй төрийн тусгай албад Монгол улсад цөөхөн байдаг. Энэ бол шүүхээр оруулалгүйгээр хүний амь насны эсрэг халдаж байгаа онцгой тохиолдол. Хилийн алба, Цагдаагийн алба, Авлигалтай тэмцэх газар. Зэвсэгт хүчин зөвхөн харуулын албаны дүрмээрээ зохицуулагддаг. Тэгэхээр ийм байгууллагын хувьд энэ зүй тогтолынх нь хэмжээ шийдвэр гаргах эрхийг нь зөвхөн дарга нь эдлээд, хариуцлагаа эргээд томилогдсон албан тушаалтан толгойгоороо хариуцдаг. Гүйцэтгэлийг ямар ч этгээд явуулсан зөвхөн прокурын хяналтанд явуулдаг. 

Тэгэхээр миний саяын хэлдэг хэд хэдэн зарчмын асуудлын өнцгөөс нь хараад үзвэл энэ хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт гарцаагүй зүйтэй. Өөрийнх нь байгууллагын онцлог зүй тогтолоос нь урган гарч буй асуудал байна гэж үзэж байгаа юм. Үүнтэй гишүүд санал нэгдэх байх гэж бодож байна. Төрийн тусгай онцгой алба болохын хувьд ийм л зарчим үйлчилнэ.