2020.12.11

Л.Мөнхбаатар: Байгууллагуудын дэд даргыг УИХ-аас томилох нь төрийн албаны шатлан захирах ёсыг зөрчиж буй хэрэг юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ-аас хоёуланг нь томилдог хуулийн зохицуулалттай байсан. Үүнийг Авлигатай тэмцэх газрын дарга нь дэд даргаа томилдог болгож өөрчлөхөөр ЗГ, ХЗДХ-аас оруулж ирсэн байна. Үүнийг зарчмын хувьд зөв гэж оруулж ирж байгаа юм. Манайд тогтсон жишиг бол байгууллагын даргыг нь дэд даргатай томилдог болчихоод байгаа юм.

Тодорхой албан тушаалтантай зөвшилцөх эсвэл намтай зөвшилцөх гэдэг асуудлаасаа болоод даргыг нь томилоод болчих юман дээр эргэж дэд даргыг нь томилсоор байгаад. Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн хороо, Монголбанк гээд ихэнх томилгоонууд ингэж явдаг болсон. Энэ өөрөө төрийн албаны шатлан захирагдах зарчмыг зөрчиж байгаа зүйл болоод байна. Энэ нь өөрөө ЗГ-ийн агентлаг байгуулагдаад мөн адил дэд даргуудыг нь томилдог болсон. Өөрөө томилоогүй учраас байгууллага хоёр, гурван толгойтой болчихдог.

Ингээд Монголын төрийн болоод нийтийн эрх ашгийг хангаж байгаа ажлууд явахгүй болсон нэг шалтгаан энэ юм. Цаашид ХЗДХ-ийн сайдаас асуухад ер нь энэ жишгийг бүх шатанд нь төрийн албаны үндсэн зарчмын хүрээнд нь жишиг болгож явуулах ёстой гэж бодож байна.

Авлигатай тэмцэх газрын чиг үүргийн асуудал бол Нийгмийн хэв журам хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан тэмцэх ажил бол өөрөө ЗГ-ийн үндсэн чиг үүрэг. Гэтэл авлигал гэдэг маань өөрөө тодорхой төрлийн гэмт хэрэг. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг ЗГ нь биш Их хурлын дэргэдэх байгууллага болгоод гаргаад ирсэн. Ингээд төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын хэрэгжилт бол зөрчилдөөд явж байгаа юм. Үндсэн хуулийн үзэл баримталтай ч зөрчилдөж байгаа гэж үзэж болно. Цаашдаа Авлигатай тэмцэх газрын статусыг хэрхэн харж үзэж, дотоод хэргийн чиг үүргийн хүрээнд энэ байгууллага байж, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх энэ ажлыг нь хариуцдаг байх нь зүйтэй юм.