Хуралдаандаа 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татна
2018.02.09

Хуралдаандаа 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барив.

УИХ-ын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаад иргэд, олон нийтийн шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс УИХ-ын гишүүдийн чуулганд оролцох сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, “Дэгийн тухай хуулийг судалсны үндсэнд хариуцлагын механизмыг сайжруулах нь зүйтэй гэж үзлээ. Одоо мөрдөж байгаа хуульд “сануулна”, “үг хэлэх эрхийг нь хасна” гэсэн ерөнхий заалтууд байдаг. Эдгээрийг илүү тодорхой тохиолдолд үг хэлэх, асуулт асуух эрхийг нь гурав хүртэлх цагаар хасах, цалингийн тодорхой хувиар торгох гэх мэт заалтууд орууллаа.
Цаашилбал, нэг чуулганы хугацаанд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах хүртэл заалт оруулсан” гэлээ.