Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган өчигдөр /2020.04.06/ нээлтэй хийсэн билээ.Харин өнөөдөр /2020.06.07/ хуваарь ёсоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.07/хуралдаан 10 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачилгын талаар танилцуулж байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, С.Бямбацогт нарын асуултад хууль санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан тодорхой хариулт өгөв. Мөн ажлын хэсгийн гишүүн-Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Элбэгзаяа нар гишүүдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулах нэмэлт гэхгүйгээр тусгай дэг болгож, төслийг өргөн хүрээнд авч үзэж онцгой нөхцөлийн үед хууль тогтоомжийн төслийг өргөн барих, санал авах, иж бүрдлийг хангах, хэлэлцүүлэг явуулах, эцэслэн шийдвэрлэх асуудлыг бүхэлд нь тусгаж өгөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд нэгэнт хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон ийм үед гишүүд оновчтой санал гаргаж, хуралдааныг богино хугацаанд шуурхай явуулахад анхаарах нь зүйтэйг сануулаад дэгийн хуульд оруулах нэмэлт нь зөвхөн энэ удаагийн цар тахлаар хязгаарлагдахгүй, байгалийн гамшиг, аваар осол, зуд турхан гээд онцгой нөхцөл байдал үүссэн ямар ч үед хэрэглэхээр байнгын шинжтэй дэг байх нь зохимжтой гэж үзэж буйгаа хэлэв.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд яаралтай хэлэлцэн батлах шаардлагатайг онцлон дурдаж байв.
Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.