УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцууллаа.
Төсөл санаачлагч гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь Улсын Их Хурлын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй Улсын Их Хурлын Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.
Иймээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд гишүүний ирцийг бүртгэх, хуралдааны явцад бүртгэлээс гарсан (картаа сугалсан) тохиолдолд хэрхэн зохицуулах, хуралдааны дэг зөрчсөн, хуралдаан тасалсан, хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Мөн уг хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан гэдгийг танилцуулсан юм.
Хуулийн төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Тус байнгын хороо 2018 оны 6 сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа хэлэлцэх эсэхээр санал асуулт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.7 хувь нь хэлэлцэх нь зөв гэж үзлээ.