2019.10.25
Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах тогтоолыг батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолыг батлав.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.
Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны долоодугаар сарын 27-ны 4 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна.
Тодруулбал, яам, агентлаг болон төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал өсөх, цаг хугацаа алдах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашрах зэрэг сөрөг үр дагавар бий болж буй юм. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгажээ. Төрийн худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад уг газар чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.
Тогтоолын төслийг гишүүдийн 72.7 хувь дэмжиж, батлав.