“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11 цаг 02 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцууллаа.
“Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны долоодугаар сарын 27-ны 4 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна.
Тодруулбал, яам, агентлаг болон төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал өсөх, цаг хугацаа алдах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашрах зэрэг сөрөг үр дагавар бий болж буй юм.
Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгажээ. Төрийн худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад уг газар чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулгадаа дурдлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч дуусан үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.