2018.05.30
Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
Тус байнгын хороо 2018 оны 5 сарын 29-ний өдөр хуулийн төслийг хийж, анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргажээ.
Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллах зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна.
Ийнхүү байнгын хорооноос гаргасан саналын дагуу анхны хэлэлцүүлгээр батлахыг УИХ-ын нэгдсэн чуулганд оролцон олонхи гишүүд дэмжлээ.