Дарангуйлагчтай хийсэн ярилцлага
Сирийн ерөнхийлөгч Башар Асад
2015.12.07

Дарангуйлагчтай хийсэн ярилцлага

Хэдхэн хоногийн өмнө Чехийн телевизээр Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай хийсэн ярилцлага гарав. Сэтгүүлч Михал Котрбагийн хэлснээр зураг авалт, монтажийг Сирийн талынхны заавраар хийжээ. Угаас дарангуйлагчтай хийх ярилцлага “миний хэлснээр хий, эсвэл боль” гэсэн нөхцөлтэй байдаг.

Энэ ярилцлагын тухай Чехийн “Aktualne.cz” сонинд юу гэж бичсэнийг сийрүүлэн хүргэе.

“Башар Асад ярилцлагадаа Чехийн эрх баригчид Сирийг дэмжсэн бодлого явуулдгийг сайшааж Европын бусад орон шиг барууны “үзэл сурталд” автаагүй “төвийг сахиж” чадсан гэж хэлэв. Асадын үгээр бол Чехийн тал олон ухаалаг алхам хийжээ. Тэрээр хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулж болохыг ч үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлэв.

2011 оны “Арабын хавар”-аас хойш Сирид иргэний дайн дэгдэж 11 сая хүн дүрвэсэн. Тэдний ихэнх нь Асадын харгис дэглэмээс зугтан гарчээ. Асадын гэр бүл Сирийн төрийн эрхэнд 1971 оноос хойш байгаа аж.

Дарангуйлагчийн амнаас хожим нь түүнийг олон улсын шүүхэд дуудахаар үгүүдийг сонсоно гэдэг хачин жигтэй бөгөөд айдас хүрэм.

Асад ярилцлагадаа Их Британи, Франц хоёрыг алан хядагчдыг дэмждэг хэмээн буруушааж, ер нь түүний дэглэмийг эсэргүүцдэг хүн болгон терроризмыг дэмжигч гэж хэлэв. Өөрөөр хэлбэл тэр биднийг магтаж байгаа мөртөө, бидний хамгийн ойрын холбоотнуудыг терроризмыг дэмжигчид гэж нэрлэв. Энэ нь Башар Асад өөрийг нь ивээлд авсан Путинтай адил барууныг муу муухайн үүр болгон харуулахыг хичээдгийг нотолж байна.

Чехийн телевизэд өгсөн Башар Асадын ярилцлагыг ажил хэрэгч ярилцлага гэхээс илүү түүний үзэл бодол, хэлсэн үгийн үзүүлэн болгож харах нь зөв. Энэ бол хариултаас ургасан асуултууд биш. Гэхдээ л олон мянган хүний үхэлд хариуцлага хүлээх ёстой дарангуйлагч өөрөө ярилцлага өгнө гэдэг түүнийг судлах нэгэн том боломж.

Харамсалтай нь Сирийн сөрөг хүчний дуу хоолой олон нийтэд хүрэхгүй байна. Хэвлэл мэдээлэл зөвхөн Асадыг харуулдаг. Асадаас ярилцлага авч болоод байхад түүнийг эсэргүүцэгчдээс авч болохгүй байгаа нь зөрчил хурцадсан энэ үед зөвхөн Чехийн гэлтгүй бусад орны хэвлэл мэдээллийнхний хувьд хэтэрхий нэг талыг барьсан хэрэг юм.

Түүнээс гадна барууны нэг ч орон Сирийн асуудлыг энхийн замаар шийдэхэд шийдвэртэй алхам хийхгүй байгаа нь хачирхалтай. Хэрэв энхийн гэрээ байгуулагдвал энэ нь “Прагийн тунхаг” нэртэй байна. Гэхдээ уг тунхагаар хэн ялагдаж, хэн ялахыг бид мэдэхгүй. Сирийн дүрвэгсэдийн асуудал яаж шийдэгдэх нь ч тодорхой бус. Хэрэв Башар Асад төрийн эрхэнд үлдвэл дүрвэгсэд гэртээ эргэж ирнэ гэдэг юу л бол.

Нэг л мэдэхэд бид Сиритэй олон цэгээр холбогдчихож. Сирийн нийслэл Дамаскад Чехийн Элчин Сайдын Яам идэвхтэй ажиллаж байгаа, Путиныг даган дуурайгч Башар Асад Чехийн телевизээр ярилцлага өгсөн, Чехийн ерөнхийлөгч Милош Земан Сирийн Гадаад хэргийн сайдтай уулзсан гэх мэт. Уг нь өнөөгийн эгзэгтэй нөхцөлд хамгийн зөв зам нь хүлээцтэй байдал, болгоомжлол баймаарсан.

Бидний холбоотныг терроризмыг дэмжигч гэж, харин өөрсдийг маань тэднийг дэмжээгүй гэж магтаж байгаа дарангуйлагчийн үгийг сонсож телевизээрээ гаргаж байгаа нь бүдүүлэг алдаа болж байна. Сири бол Башар Асад биш, Сири бол мянга мянган дүрвэгсэд”.