Ө.Энхтүвшин:Сонгууль болно гээд бусад асуудлаа орхиж болохгүй
2012.01.03

Ө.Энхтүвшин:Сонгууль болно гээд бусад асуудлаа орхиж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Е. Отгонбаяр энэ тухай танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулсан байна. Сургуулийн өмнөх, бага дунд боловсрол, их, дээд сургуулийн гэх мэт олон асуудлыг хамарсан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас асуудал оруулсан аж, Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдээс ч ийм төсөл өргөн барьжээ. Гишүүд сум, тосгон, багийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, номын санч, сургуулийн эмч зэрэг ажилтанд таван жилд нэг удаа зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж өгөхөөр төсөлд тусгажээ. Энэ хэсэг нь Засгийн газраас өргөн барьсан багц төслийн агуулгатай дүйж буй гэнэ.

Ялгаатай нь Засгийн газрын төсөлд сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрыг  нөөцөд бүртгэж, худалдах, шилжүүлэхийг хориглох зохицуулалт тусгасан байна. Мөн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сумын Засаг дарга томилдог байсныг аймгийн"-' Засаг дарга болгож өөрчилжээ. Эдгээр төслийг МАН дэмжсэн аж. Багц хуулийн төсөл учир таван хүнтэй Ажлын хэсэг гаргасан байна. Түүнчлэн боловсролын салбарын хууль эрх зүйн орчныг нэгэнт өөрчилж буй бол бусад асуудлыг ч цогцоор шийдэх ёстой гэсэн саналтай хун олон гарчээ. Тухайлбал, сургалтын чанарыг сайжруулах, их, дээд сургуулийн тоог цөөлөх, олон янз байдаг сургалтын хөтөлбөр, төлбөрийн хэмжээг нэг стандарт, бодлогоор зохицуулах ёстой гэсэн байна. Мөн сурагчдын дүрэмт хувцсыг улсын хэмжээнд нэг загвартай болгож, зардлыг улсаас гаргах "өгөөмөр" санал ч байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх асуудлаар МАН-ынхан Засгийн газрын гишүүдээс лавласан байна. Төслийг боловсруулаад өнгөрсөн долдугаар сард ҮАБЗ-д шилжүүлжээ. Гэвч тэнд очоод гацчихаад буй аж. ҮАБЗ-ийн саналыг хүлээлгүйгээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө яаралтай өргөн барь гэсэн чиглэлийг Бүлгээс Засгийн газарт өгсөн байна. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин ийм мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.

-АН-ынхан нийгмийн халамжийн чиглэлийн ямар нэг хуулийг сонгууль болтол батлахгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Үүнийг та бүхэн юу гэж үзэж байна вэ?

-Сонгууль болдгоороо болно. Сонгууль болох гэж байна гээд бусад асуудлаа орхиж болохгүй шүү дээ. Оны өмнө багш нар ажил хаясан. Үүнтэй холбоотой асуудлаа шийдэх ёстой. Гэхдээ мэдээж Сонгуулийн хуулиар хориглосон сонгогчдын санал татах ажлыг хувь нэр дэвшигч, нам хийхгүй байх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.