Ж.Сүхбаатар:Үндсэн хуулийг өөрчлөх нөөц бололцоо энэ удаа шавхагдлаа
2011.12.28

Ж.Сүхбаатар:Үндсэн хуулийг өөрчлөх нөөц бололцоо энэ удаа шавхагдлаа


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн Сонгуулийн хуульд хориг тавих хугацаа дуусаж байна. Төрийн тэргүүн УИХ-ын сонгуулийн хуультай холбогдуулж ямар нэгэн байр суурь илэрхийлсэн үү?
-Мэдээж Ерөнхийлөгчийн байр сууриа илэрхийлэх гол арга нь хориг тавих. Гэхдээ үүнээс гадна саналаа ирүүлж болно, чуулганы хуралдаанд тааллаараа оролцож үг хэлж байр сууриа илэрхийлж ч болдог. Сонгуулийн хуультай холбоотой байр сууриа бол өмнө нь ирүүлсэн. Бид зарим саналыг нь хүлээн авч, заримыг нь хүлээж аваагүй. Хориг тавиагүй. Өөрөөр бол Ерөнхийлөгч байр суурь илэрхийлээгүй.
Сонгуулийн хууль ингээд бэлэн болчихлоо, Харин олон нийтэд хүлээлт үүсгэсэн, бас ямар өөрчлөлт хийх бол гэж анхааралтай ажиглаж байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал юу болов оо?
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дөрвөн төслийг УИХ-д өргөн барьсан л даа. Үүнийг манай Байнгын хороо нэгтгээд ярьсан. Гэсэн ч цаг хугацаа богино байлаа. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 29 буюу Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойтой холбоотой асуудал Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар цаг авсан тал бий. Нөгөөтэйгүүр, Сонгуулийн хуулиа батлаад удаагүй байсан. Ерөнхийдөө бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжгүй болчихлоо. Нэгдүгээрт, Сонгуулийн хуультай, Төсвийн хуультай давхацлаа. Сонгуулийн хууль, төсөв гээд чухал асуудлуудад нэлээд цаг гаргалаа. Нөгөө талаас хэд хэдэн төсөл УИХ-д өргөн баригдсан. Гишүүдийн байр суурийн хуваагдал байсныг хэлэх ёстой байх. Наад зах нь зүйл заалт болгоноороо 57-гоос доошгүй дэмжлэг авч байж Үндсэн хуулийг өөрчилнө шүү дээ.
Ирц талаасаа ч, батлагдах талаасаа ч ийм босготой.

57 гишүүний дэмжлэг авахуйц саналыг УИХ-д оруулах ёстой байсан.Бид олон ч асуудлыг хөндөж тавьсан. Багагүй маргаан дагуулсан нь ч бий. Ингээд өргөн мэдүүлсэн төсөл маань хэлэлцүүлэгт бэрхшээлтэй зүйлсийг туулж манай Байнгын хороонд шилжиж орж ирсэн юм. Гэсэн ч цаг хугацааны талаас болоод олон талт байр сууриас болоод хойшил-поо. Улс төрийн цаг үеийн байдлаа харсан ч өөрчлөх боломжгүй болж байна. Үндсэн хуулийн 20 жилийн ой ч залгаад болох нь. Хамгийн гол нь Үндсэн хуульд зааснаар ээлжит сонгууль болохоос өмнөх зур-гаан сарын дотор өөрчлөлт оруулж болдоггүй. Бидний баталсан Сонгуулийн хуулиар бол зургадугаар сарын сүүл-чийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байх ёстой. Ингээд тооцохоор 2012 оны зургадугаар сарын 29 бол сүүлчийн хугацаа. Харин өнөөдөр хэдэн билээ. Арванхоёрдугаар сарын 27 болчихлоо. Энэ хугацаанд гурван хэлэлцүүлэг хийх боломжгүй. Гэхдээ бидний ярьсан юм бол нээлттэй үлдэж байгаа.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Дараагийн парламент хэрэв Үндсэн хуультай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэвэл өөрийн бүрэн эрхийн хугацааны өмнө шийдээд, мөрдөх хугацаагаа 2016 оноос тавина. Өөрөөр хэлбэл, сонгуулийн бүрэн эрхийн хугацааныхаа эхний жилд шийдвэрлээсэй гэдэг байдлаар бүлэг дээр ярьсан. Байнгын хорооны даргын хувьд бидний хийсэн судалгаа, лавлагаа материалуудын, хүмүүсийн байр суурь гээд энэ болгоноо дараагийн парламентад ажлын хэрэглэгдэхүүн болгоод үлдээж байна. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд аливаа санал санаачилга гаргахгүй, хэлэлцэхгүй боллоо.

-Дараагийн парламент руу Үндсэн хуулийг өөрчлөх асуудал шилжлээ. Таны хувьд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна вэ. Өөрөөр хэлбэл, өргөн баригдсан байгаа төслүүдийн хүрээнд өөрчлөлт оруулахад хангалттай юу?

-Зүгээр улс төрийн хүчнүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулна гээд явж байгаа нь бий.Зарим гишүүн ч гэсэнсонгуулийн үед дэвшүүлж тавьж магадгүй юм. Миний хувьд Үндсэн хуульд гол нь орон нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Хот, тосгоны удирдлага ямар байх ёстой юм бэ. Түүнтэй холбогдоод засаг захиргааны нэгжийн удирдлага хоорондын харилцааны тэнцвэр, эрх мэдэл болоод чиг үүргийн хуваарилалт ямар байхыг тодорхойлох шаардлагатай. Мөн засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг болбол Үндсэн хуулийн хүрээнд, болохгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт, оруулах замаар шийдэх ёстой гэж бодож байгаа. Мөн парламент бүрэлдэхүүнээ өргөтгөх шаардлагатай байна. 99 гишүүнтэй болох тухай нөгөө санал л даа.

Өнөөдрийн парламент их давжаа байна.

Жижигхэн толгойтой мөртлөө их том биетэй байна шүү дээ. Улсын хүн ам гээд бүх юм томорч байна. Тиймээс үүнийг шийдье. Шийдэхдээ 2012оны парламент шийдээд, үйлчлэх хугацаа нь 2016 он руу шилжинэ гэсэн үг. Ийм асуудлуудыг шийдэх ёстой гэж бодоод байгаа. Асуудал одоо хаагдаж байгаа гэж ойлгож болохгүй. Зөвхөн цаг хугацааны хувьд хойшилж байна. Ярих орчин нөхцөл, цаг хугацаа нь өөрчлөгдөж байна. Магадгүй санал санаачилга гаргаж өөрчлөх хүмүүс нь өөрчлөгдөх байх. Би хувьдаа Монгол Улс эхлээд бодлогын баримт бичгээ тодорхой болгох хэрэгтэй гэж бодож байгаа. Монгол Улсад хэрэгжүүлэх захиргааны шинэтгэлийн стратегийн баримт бичгийг гаргаж байж Үндсэн хууль, Сонгуулийн хууль зэрэг бусад холбогдох хуулиа өөрчилж байя. Өөрөөр хэлбэл, хууль өөрчлөх нь чухал биш шүү дээ. Үүгээрээ ч намууд өрсөлдөх ёстой. 2012 оны сонгуульд орох намууд зүгээр л Үндсэн хууль өөрчилнө гэж өрсөлдөх биш, харин бодлогоо гаргаад өрсөлдье гэж бодож байгаа.

-Та УИХ-ын даргын захирамжаар байгуулсан том ажлын хэсгийг ахалж байсан. Уг ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэлээд олон саналыг гаргасан. Үүнээс энэ парламент ойлголцолд хүрээд хэлэлцээд баталж болох саналууд байсан. Тэр саналууд юу болох вэ. Тухайлбал, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн санал байна.

-Ер нь бол нэг асуудлаа бид хойш тавихгүй. Хоёр бүлгийн ахлагч ч гэсэн, намын удирдлагууд ч тэр, манай ажлын хэсэгт оролцсон гишүүд ч гэсэн нэг зүйлээр тохирсон. Ойлголцсон зарчим гэвэл Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг хуульд оруулна. Ондоо багтаад, тодруулбал арван-хоёрдугаар сарын 30-нд Зас-гийн газар руу төслөө явуулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болох зохицуулалтыг Үндсэн хуульд биш, Засгийн газрын хуульд хийе. Ингээд зохицуулж болох юм. Яагаад Үндсэн хуульд хийх гээд байсан гэхээр дараа дараагийн улстөрийн хүчин, улстөрчдийн дур зоргоор өөрчлөхгүй байх баталгааг бий болгоё гэсэн. Гэхдээ Үндсэн хуульд оруулахгүйгээр 2012 оноос бүрдүүлж өгөх бололцоо бол ердийн хуульд нь оруулах. Энэ боломж руу шилжиж байна. Тиймээс ч би хоёр бүлгийн ахлагчтай ярьсан, Дэмжсэн. Тиймээс он гаруут дээрх заалтаа Засгийн газрын тухай хуульд оруулна гэж бодож байгаа. Манай намын дарга ч энэ асуудлыг дэмжиж байр сууриа илэрхийлсэн удаатай. Тэгэхээр энэ асуудал урагшаа явах байх. Аль аль нам нь ойлголцох байх. УИХ-д суудалтай бусад намаас Д.Энхбат гишүүн ч үүнийг дэмжиж төсөл санаачилж байсан хүн. Тиймээс эдгээр төлөөллөө оролцуулаад нэгдүгээр сардаа багтаж хуулийн төслөө УИХ-д өргөн барьж шийдүүлнэ. Шийдэж байж л 2012 онд байгуулагдах УИХ, Засгийн газар балансаа зөв зохицуулна. Тэгэхгүй бол, энэ хуулийг гаргахгүй бол одоогийнх шиг ярьж байгаад л Засгийн газар нь бүгд шахуу УИХ-ын гишүүдээсээ бүрдэх болно. Ийм байдал руу оруулахгүй тулд ердийн хуулиа өөрчилье гэж байна. Яагаад гэвэл, Үндсэн хуулийг өөрчлөх нөөц боломж энэ удаад шавхагдлаа.

-Засгийн газрын тухай хуульд зөвхөн энэ заалтыг л оруулах уу. Эсвэлбусад өөрчлөлтүүдийг хийх үү?

-Зөвхөн энэ хүрээндээ л өөрчлөлт оруулна. Төслөө ч бэлэн болгосон байгаа. Засгийн газар руу санал авахаар баасан гаригт хүргүүлэхээр төлөвлөсөн. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан бусад санал бол бүгдээрээ Үндсэн хуулиараа зохицуулагдана. Мэдээж миний түрүүний хэлдгээр Үндсэн хуульд хуульд өөрчлөлт оруулах олон хувилбар, олон гаргалгааг гаргаж болно. Гол нь ийм хувилбарууд гаргах бодлого, зорилт нь юу вэ гэдгээ тодруулах ёстой. Үүнийгээ захиргааны шинэтгэлийн хөтөлбөрөөр шийдье. Мэдээж яриад байгаа олон юм 2012 оны сонгуулийн дараах улс төрийн нөхцөл байдалд нөлөөлнө л дөө.Тэр үеийн нөхцөл байдал ямар байх вэ гэдэг сонин. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх ч 2013 онд дуусна. Тухайн үед Ерөнхийлөгч ямар санал санаачилгатай байх юм. Ямар амбийцтай байгаа юм бэ гэдэг нь ч сонирхол татсан асуудал болно.

-2012 оны сонгуулиар байгуулагдах парламенттай бүхний өөрчилсөн Засгийн газрын хуулийг дахин өөрчлөөд л УИХ-ын гишүүдээр Засгийнгазраа бүрдүүлчих юмбиш үү. Ер нь Засгийнгазрын тухай хуулийгөөрчлөхбосгыг өндөрсгөх ч юм уу, бусад аргахэмжээ авах уу?

-Өөрчилж болдоггүй юмыг Үндсэн хууль л өөрөө тогтоодог. Үндсэн хууль тийм  л зарчмыг тогтоодог хууль. Ердийн хуулиудын хувьд хүчингүй болгож болно шүү дээ. Харин үндсэн хуульд хийчих юм бол тэр раамаас гаргаж өөрчилж болдоггүй. Ердийн хуулийг бол бидний бодлого, зорилтод саад болж байна гэж үзвэл олонх болсон улс төрийн хүчин өөрчилчихне шүү дээ.

-Тэгвэл дараагийн УИХ-д олонх болсон улс төрийн хүчин Засгийн газраа байгуулахын тулд ердийн хуулиудыг бол яаж ч өөрчилж болох нь. Тэгвэл одоо заавал Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэх хэрэг байна уу. Угаасаа өөрчлөх юм чинь?

-Өөрийгөө байгуулах гэж байгаа Засгийн газар өөр хууль өөрчилж амждаггүй юм. Засгийн газрыг эмхлэн байгуулах хугацаа гэж бий шүү дээ. Тэгэхээр өмнөх байгаа хуулиа л мөрддөг. Үүгээрээ ач холбогдолтой. Магадгүй дараа нь хуулиа өөрчилж болно. Гэхдээ сонгуулийн дараа бүрдэж байгаа Засгийн газар бэлэн хуулийн хүрээнд л байдаг. Яагаад гэвэл, Засгийн газраа эмхлэн байгуулж дуусангуутаа мөрийн хөтөлбөрөө боловсруулж танилцуулдаг. Дараа нь төсөв рүү ороод явчихдаг. Тийм учраас одоо л зарчмыг нь Засгийн газрын тухай хуульд тусгах ёстой. Алсдаа бол тэр заалт эрсдэлтэй л байна гэсэн үг. Тэр эрсдэлийг алга болгоё гэж бид Үндсэн хуулиа өөрчлөх гэж үзлээ. Харамсалтай нь бүтсэнгүй. Гэхдээ ядаж ердийн хуулиараа хийж өгье л гэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.