Дэлхийн хамгийн хөгшин тэрбумтаны түүхээс
Дэлхийн хамгийн хөгшин тэрбумтан Дэвид Рокфеллер өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 100 нас хүрэв.
“Рокфеллер” гэсэн нэрийг сонсохоор хэмжээлшгүй их баялаг, эрх мэдэл санаанд ордог. Гэвч 21 дүгээр зуунд Рокфеллерын удмынхны нөлөө дэлхийд төдийгүй Америктаа суларч байна. Дэвид Рокфеллер өнөөгийн баячуудтай харьцуулахад нэлээд ядуу гэж хэлж болно. Түүний хөрөнгө “ердөө” 3,2 тэрбум доллар бөгөөд Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн баячуудын жагсаалтад дөнгөж 603 дугаар байр эзэлж байна.
Рокфеллерчуудын хөрөнгө нийлээд 10 тэрбум доллар. Энэ мөнгө олон тооны санд байршдаг. Мэдээж энэ мөнгө хөлөг онгоц, нисэх онгоц, орд харш худалдаж авахад хангалттай ч Дэвидийн өвөө Жон Рокфеллерын хөрөнгөтэй харьцуулахын аргагүй. Standard Oil компанийг үндэслэгч, тухайн үедээ дэлхийн хамгийн баян хүн байсан өвөө нь нас барахынхаа өмнө АНУ-ын ДНБ-ий 1,5 хувьтай тэнцэх хөрөнгөтэй байжээ. Хэрэв өнөөгийн хэмжүүрээр үнэлвэл энэ нь 250 тэрбум доллар юм. Өөрөөр хэлбэл дэлхийн тэргүүн гурван баян болох Билл Гейтс, Карлос Слим, Уоррен Баффет нарын мөнгийг нийлүүлснээс ч их хөрөнгө.
Жон Рокфеллер гэр бүлийн хамт
1915 онд төрсөн Дэвид нь өвгөн Рокфеллерын хамгийн хайртай ач хүү нь байжээ. Хүү Жон Рокфеллерын хүүхдүүдээс эдүгээ амьд сэрүүн байгаа нь Дэвид юм. Аляскийн амбан захирагч байсан Уинтроп 1973 онд, цорын ганц эгч Эбигел 1976 онд нас барсан, үүнээс хоёр жилийн дараа Жон бурхан болсон. Нью-Йоркийн амбан захирагч, Жеральд Фордын үед дэд ерөнхийлөгч байсан Дэвидийн ах Нельсон 1979 онд нас барсан. Авиамагнат Лоуренс Рокфеллер 2004 онд нүд анисан.
Дэвид Рокфеллер хувь хүний хувьд өөрийгөө олон талаар хөгжүүлж чаджээ. Бизнес, санхүүгийн салбарт хүчээ үзэж, дипломатчаар ажиллаж байв. Хэдийгээр ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй ч 70, 80-аад онд дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрчидтэй нөхөрлөж байлаа.
Дэвид Chase Manhattan банкийг толгойлж дэлхийн түвшний банк болгожээ. Түүнээс гадна 1943-1945 онд тагнуулчаар ажиллаж дайнд оролцож явсан байна.
Дэвид Рокфеллер нь Дэлхийн засгийн газар гэж тодорхойлдог Гурван талт комиссыг үүсгэн байгуулагч юм. Энэ комисс нь дэлхий нийтийн асуудлыг шийдэх зорилготой байгуулагджээ.
Энэ мэтээр дурсаад байвал Дэвид Рокфеллерт ярих түүх мундахгүй. Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн нэгэн үе дэлхийн хамгийн нөлөөтэй байсан хүмүүсийн үр удам мартагдаж эхэлдгийн нэг жишээ нь Дэвид юм. Кеннедийн удмынхнаас өмнө Рокфеллерчууд Америкийн титэмгүй хаадууд байсан. Гэвч тэд хөгширч Рокфеллерын омгийн сүүлийн төлөөлөгч болох Жей өнгөрсөн жил тэтгэвэрт гарав. Тэрээр Виржини мужийн амбан захирагч байв.
Кеннедийн удам ч аажмаар мартагдаж байна. Удахгүй Бушийнхан, Клинтоныхныг ч ийм хувь заяа хүлээж байгаа. Залуу үр удам нь том улс төр, том бизнест оролгүй хувийн зам мөрөө хөөжээ. Зарим Рокфеллерчууд овгоо хүртэл сольжээ.