Орост картын бараа эргэн ирлээ
Оросод картын бараа эргэн ирлээ. Ирэх есдүгээр сар гэхэд Оросын Худалдаа, Аж үйлдвэрийн яам хүнсний бүтээгдэхүүний картыг хэрэглээнд оруулахаар төлөвлөж байна. Эдгээр картыг голдуу орлого багатай өрхүүдэд өгөх аж.
Одоохондоо чухам ямар нөхцөлтэйгээр картууд гаргах нь тодорхойгүй бөгөөд Оросод үйлдвэрлэсэн түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хамруулах төлөвтэй байна. Ингэснээр барааны илүүдэл гарахгүй аж.
Зөвлөлтийн үед цаасан талоноор үйлчилж байсан бол энэ удаа хэрэглэгчид банкны карт ашиглана. Сард нэг удаа карт руу төсвөөс мөнгө шилжүүлэх бөгөөд уг мөнгийг тодорхой хугацаанд хэрэглэж, хөтөлбөрт нэгдсэн дэлгүүрээр үйлчлүүлнэ. Мөнгийг бэлнээр авах, хуримтлуулах боломжгүй. Хэрвээ заасан хугацаанд нь хэрэглээгүй бол эргэн төлөгдөхгүй.
Худалдаа, аж үйлдвэрийн яаманд өөр нэгэн зорилт бий. Хүнсний талоны тусламжтай дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих аж. Энэ нь тус яамны импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих бодлоготой нийцэж байгаа. Ингэснээр ядууст туслаад зогсохгүй дотоодын үйлдвэрлэгчдийг гомдоохгүй.
Ядууст туслахуй
Сүүлийн үед Оросын хүн ам ядуурч байгаа дүр зураг харагдаж байна. Оросын Үндэсний статистикийн газрын дүнгээс харахад өнгөрсөн 4 дүгээр сард иргэдийн орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 13,2 хувиар буурчээ. Цалин дунджаар 32 805 рубль (1,04 сая төгрөг) байна.
Сүүлийн жил хагасын хугацаанд инфляци долоо хоногт 0,1 хувиар өсч иржээ. Үнийн өсөлтийг зогсоож чадсан ч хүн амын амьдралын түвшин доошлов. Иргэд олсон орлогоороо маш бага зүйл худалдаж авч чадна. Хэрэглээний идэвх унаснаар нийт эдийн засаг дордов. Учир нь хойд хөршийн эдийн засгийн өсөлтийн гол элемент нь хэрэглээ байв .
Хэрвээ албан ёсны тоо баримт үнэн бол 2014 онд 16,1 сая орос иргэн ядуу гэсэн ангилалд багтаж байв. Тэд сард 8,2 мянган рубль (262 000 төгрөг) буюу амжиргааны түвшнээс доогуур орлоготой байлаа.
Түүнчлэн хоол хүнсний хомсдолтой, өлсгөлөн хүмүүсийн тоо сүүлийн зургаан жилийнхээс хамгийн ихээр өсчээ.
Хүнсийн талон. 1994 он.
Аж үйлдвэрийг дэмжих нь
Нөгөө талаар хүнсний талон нэвтрүүлснээр үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой. Худалдаа, Аж үйлдвэрийн яамны тооцоолсноор талонд шингээсэн нэг рубль болгон эргээд 5-6 рублийг дотоодын эдийн засагт авчрах аж. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгө хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрүүд, бөөний худалдаачид, худалдааны сүлжээнүүдээр дамжаад ирэхдээ хэд дахин үржсэн байх ёстой.
Дотоодын үйлдвэрлэгчдэд ядуусын адил дэмжлэг хэрэгтэй. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дүнгээр Оросын аж үйлдвэр шууд 4,5 хувиар унасан. (Үүнээс дор байдал 2009 онд тохиолдсон бөгөөд тэгэхэд 11,2 хувиар унасан юм). Хүнсний үйлдвэр ч хямралын шуурганд өртөж тариа будааны үйлдвэрлэл 20,4 хувиар, жүүснийх 14,5 хувиар, хуурай сүүнийх 13,7 хувиар, лаазалсан махных 7,9 хувиар, хиамны үйлдвэрлэл 1,9 хувиар буурчээ.
Импортын түвшин ч огцом доошлов. 2015 оны дөрөвдүгээр сарын байдлаар загас, малын болон шувууны махны импорт бараг хоёр дахин буурчээ. Импортыг орлох өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой ч дотоодын үйлдвэрлэл бас унасаар байна. Эрэлт буурсан гол шалтгаан иргэдийн орлого багассан явдал юм.