Борис Немцовын охин: Би хэзээ ч Путины төлөө саналаа өгч байгаагүй
Жанна Немцова
2015.05.29

Борис Немцовын охин: Би хэзээ ч Путины төлөө саналаа өгч байгаагүй

Берлин – Германы Фридрих Науманы нэрэмжит сангийн урилгаар улс төрийн аллагаар амиа алдсан Оросын улс төрч агсан Борис Немцовын охин Жанна Немцова Берлинд иржээ.  Тэрээр яагаад ОХУ-ын ерөнхийлөгч эцгийнх нь аллагын төлөө улс төрийн хариуцлага үүрэх ёстойг  тайлбарлаж, хэргийн мөрдөлт хэрхэн явагдаж байгаа, түүнчлэн Оросын нийгмийн амьдралын талаар ярилаа.

Deutsche Welle: Хатагтай Немцова, таныг эцгийн тань аллагын нэгэн хохирогч гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас та мөрдөн байцаалтын материалтай танилцах эрхтэй. Мэдээж таны хувьд мөрдөх ажлын талаар нууц задруулах ёсгүй. Гэсэн ч эдгээр материалд сэтгүүлчдийн мэдээгүй ямар нэгэн зүйл байгаа эсэхийг мэдэх гэсэн юм?

Жанна Немцова: Энэ бүгд таны бодож байгаа шиг хялбархан биш. Хэргийг анх мөрдөж байсан Игорь Краснов хэргийн бүх материалтай танилцуулна гэж амласан. Түүний дотор дүрс бичлэгүүдийг үзүүлнэ гэж хэлсэн. Харин одоо Николай Тутевич хэмээх шинэ мөрдөгч гарч ирсэн. Би түүнтэй өнгөрсөн баасан гарагт, 5 дугаар сарын 22 нд уулзсан. Гэвч тэр надад бүх материалыг үзүүлээгүй, зөвхөн зарим хэсэгтэй нь танилцуулна гэж хэлсэн нь миний урмыг хугалсан. Ирэх мягмар гарагт ирээрэй гэж хэлсэн. 

Та сэтгүүлчдэд ярихдаа эцгийн тань аллагын төлөө Оросын эрх баригчид, түүний дотор Ерөнхийлөгч Путин улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэж хэлдэг. Энэ юу гэсэн үг вэ?

Оросод сөрөг хүчний хамгийн нөлөөтэй төлөөлөл, Путины шүүмжлэгчийг алсан.  Энэ бол нэгдүгээрт. Хоёрдугаарт мөрдөх ажиллагаа маш хүнд явагдаж байгааг бид мэднэ. Надад болон миний ойр дотны хүмүүст мөрдлөг хэвийн явагдаж гэдэгт эргэлзээ бий. Мөрдлөгийг жинхэнэ утгаар нь явуулахад улс төрийн эр зориг хэрэгтэй.

Хэргийн мөрдөн байцаалтад би эргэлзэж байна.

Түүнээс гадна улс төрийн хариуцлагатай шууд бусаар холбоотой зарим зүйл бий. Жишээ нь эцгийг маань алагдсаны дараа Оросын төрийн өмчит нэгэн телевизээр түүнийг гүтгэсэн нэвтрүүлэг гарсан. Энэ нь түүний гашуудлын ёслолд 50 мянга гаруй хүн ирсэнтэй холбоотой. Үнэндээ аллага болсон газарт дурсгалын самбар босгож гашуудлын тоглолт хийхийг хориглосон.  Тэгэхээр нь бид «Дождь» телевизэд хандсан. Телевизийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.

Танай эцгээс сүүлийн 20 жилд үзэл бодол нь өөрчлөгдсөн эсэхийг асуухад тэр үгүй гэж хэлж байсан.  Харин таны хувьд ямар өөрчлөлт гарсан бэ? Миний санаж буйгаар 2009 онд та Оросын ерөнхийлөгчийн талаар эерэг бодолтой байсан?

Үзэл бодол, хандлага хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Таньдаг хүн нь ямар нэг муу зүйл хийсний дараа түүний талаарх хандлагаа өөрчлөхгүй байгаа хүн бол тэнэг. Үзэл бодол урьдынхаараа байв ч бусад хүмүүст хандах хандлага өөрчлөгдөж болно. Тиймээс миний хувьд зарим хүнд хандах хандлага өөрчлөгдсөн байж болох ч үзэл бодол өөрчлөгдөөгүй.

Би ямагт дарангуйллын эсрэг байдаг. Энэ чанар магадгүй миний цусанд байдаг байх. Ая тухтай амьдарч болдоггүй эрх чөлөөгүй орон надад таалагддаггүй. Ийм оронд хувь хүн олон талаараа хөгжих ямар ч боломж байхгүй. Оюун санааны доройтлоос өөр юу ч үлдэхгүй. Маргааш юу болохыг тааж хэлэх хүн ховор.  Тэр байтугай улс төрийн асар их туршлагатай байсан миний эцэг хүртэл өнөөгийн нөхцөл байдал яаж эргэхийг мэддэггүй байсан. Дашрамд хэлэхэд би Путины төлөө хэзээ ч саналаа өгч байгаагүй.  Өгөх ямар ч хүсэл байгаагүй. Би эхнээсээ л Украйны дайн, Крымыг нэгтгэхийн эсрэг байсан.

Орос гэдэг чинь зөвхөн Путин биш шүү дээ.  Орос, Путин хоёрын дунд тэнцүүгийн тэмдэг тавих хэрэггүй.

“Ая тухгүй амьдрал”, “оюун санааны доройтол”, “хөгжих боломжгүй нөхцөл байдал” байгаа ч гэсэн та Оросод амьдарсаар байна. Та юунд хоргодоод байна вэ?

Яагаад би эх орноосоо явах ёстой гэж? Би Оросын иргэн, Орос орондоо хайртай. Орос гэдэг чинь зөвхөн Путин биш шүү дээ.  Орос, Путин хоёрын дунд тэнцүүгийн тэмдэг тавих хэрэггүй. Оросын иргэн болгон эх нутагтаа сайхан амьдрахыг хүсдэг.  Түүнээс гадна би гэр бүл, найз нөхөд, ажлаа орхимооргүй байна. 

Борис Немцов охины хамт

Ажил гэснээс та Оросын РБК сувгаар хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн талаар нэвтрүүлэг хөтөлдөг. Орос шиг ийм оронд эдийн засаг чөлөөтэй хөгжих боломж бий юу? 

Мэдээж байхгүй. Оросын эдийн засаг бол төрийн эдийн засаг.  Дэлхийд Сингапур шиг дарангуйлал дор цэцэглэн хөгжсөн эдийн засаг бий.  Гэхдээ дарангуйлагчаас бүх зүйл шалтгаална. Аз таарах тохиолдол байдаг. Сайн, муу ч дарангуйлагч маш их эрсдэлтэй байдаг учраас ардчилал хэрэгтэй. Хөгжингүй эдийн засаг ардчилсан орнуудад байдаг нь ийм учиртай.

Өнөөдөр ОХУ-д үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, барууны орнууд хориг тавьсан нөхцөлд эдийн засаг хөгжинө гэж ярихад хүндрэлтэй. Өнгөрсөн  дөрөвдүгээр сард эдийн засаг маш муу үзүүлэлттэй гарсан. Миний бодлоор цаашдаа урт хугацаанд зогсонги байдалд орно.

ОХУ-ын үндэсний хэмжээний телевизүүд төрийн хяналтанд байдаг. Тэгвэл та РБК сувагт хэр эрх чөлөөтэй ажилладаг вэ?

Эдийн засгийн хувьд харьцангуй эрх чөлөөтэй. Би эдийн засгийн талаар чөлөөтэй саналаа илэрхийлдэг. Гэхдээ РБК-гийн бодлогыг яримааргүй байна. Энэ суваг намайг улс төрийн нэвтрүүлэг хөтлөхийг хүсэхгүй байгаа. Гэхдээ би зөвхөн эдийн засгийн асуудал яриад өөр зүйл ярихгүй байхыг хүсэхгүй байна. Хүмүүс эцгийг минь дурсаж байгаасай гэж хүсч байна. Оросод эрх чөлөөний төлөө тэмцэж буй хүмүүсийг би дэмжих болно. ХҮ