Монголын төсөвтэй тэнцэх мөнгөөр 5 банкийг торгов
АНУ-ын эрх баригчдын мэдэгдсэнээр дэлхийн хамгийн том 5 банк валютын зах зээл дээр үйлдсэн залилангийн хэргээр 5,7 тэрбум доллараар торгуулжээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгожээ.
JPMorgan, Citigroup, Barclays, RBS гэсэн 4 банк буруугуу хүлээжээ. Харин UBS банк дэлхийн зах зээл дэх зээлийн хүүг тодорхойлоход ашигладаг банк хоорондын LIBOR зээлийн хүүгийн мэдээллээр хүмүүсийг төөрөгдүүлж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Хамгийн их торгууль Barclays банканд ногдож 2,4 тэрбум доллар төлөв. Тус банк хэрэгт холбоотой 8 ажилтнаа халсан байна.
АНУ-ын ерөнхий прокурор Лорретта Линчийн хэлснээр 2007 оноос таван жилийн туршид өдөр болгон эдгээр банкууд тусгай чатын систем ашиглаж валютын ханшийн хуурамч мэдээллээр үйлчлүүлэгчдээ төөрөгдүүлдэг байжээ. Тэдний хийсэн үйлдэл олон мянган хэрэглэгч, хөрөнгө оруулагч, байгууллагад хор учруулсан гэж прокурор мэдэгдэв.
Хамгийн их торгууль Barclays банканд ногдож 2,4 тэрбум доллар төлөв.
Банкууд чатаар харьцаж өөрсдийн худалдааны давуу талыг хамгаалахын тулд евро, долларыг худалдах эсвэл авах ханшийг тодорхой хугацаанд хоорондоо тохирдог байж. Ингэхдээ зах зээлийн зарчмаар өрсөлдөх бус, хуйвалдах маягаар ажиллаж байсан байна.
Тэд Лондонгийн цагаар 16:00 цагт хөрөнгийн бирж хаахаас өмнө, хааснаас хойш 30 секундын туршид валютын ханшны хуйвалдаан явууллаг байв.
"4pm London fix" гэж нэрлэгддэг валютын ханшны түвшингээр компани, хөрөнгө оруулагчид өөрсдийн хувьцааны ханшийг тодорхойлдог.
Уламжлал ёсоор бирж хаагдахын өмнөхөн худалдаа идэвхтэй явагддаг бөгөөд банкны олон үйлчлүүлэгчид валют солиулах мэдэгдэл өгөхдөө валютын ханш хэлбэлзэхээс болгоомжилж гүйлгээ хийх хугацааг богиносгохыг гуйдаг.
Хэрэв бусад банкны үнэт цаасны худалдаачид их хэмжээний гүйлгээ болох гэж буйг урьдчилан мэдвэл валютын ханшны өөрчлөлт дээр тоглож ашиг олох боломжтой.
АНУ-ын ерөнхий прокурор Лорретта Линчи
Ажиглагчдын үзэж буйгаар банкууд буруугаа хүлээсэн нь сонирхолтой үйл явдал. Яагаад гэвэл өмнө банкууд буруугаа хүлээлгүй зохицуулагчтай хэлэлцээ байгуулдаг байв.
RBS банкны захирал Росс Макьюэн: “Энэ мэтийн үйлдэл гаргадаг банкны ажилтнуудад миний банканд хийх ажил байхгүй” гэж мэдэгджээ. Бид буруугаа хүлээсэн нь төөрөлдөж явснаа ухаарч, үйлчлүүлэгчдийн итгэлийг дахин олох нь ямар чухал болохыг гэрчилнэ гэжээ.
Barclays банкны захирал Энтони Дженкинс: “Мөрдлөгөөр илэрсэн хэрэг манай банкны зорилго, үнэт зүйлсэд огтхон ч тохирохгүй, ийм зүйл болсонд харамсаж байна. Зарим үл бүтэх этгээдүүдээс болж хувьцаа эзэмшигчдийн урам хугарсан нь тун тоогүй” гэж хэлжээ.