Хятад, Америкийн хоорондох шинэ хүйтэн дайн
10 жилийн өмнө улс төрчдийн хүрээнд огт яригдаж байгаагүй Хятад, Америкийн тэмцэл буюу “Хүйтэн дайн 2.0” сэдэв эдүгээ Вашингтон, Бээжингийн ярьдаг гол сэдэв болж байна. АНУ-ын Олон улсын харилцааны Зөвлөл Америкийн эрх баригчдад Хятадын талаарх бодлогоо эргэн харахыг уриалсан уртаас урт илтгэл бэлджээ. Харин Хятадад Ардын чөлөөлөх армийн хурандаа, хамгийн нөлөөтэй стратегич Лю Минфу (Liu Mingfu) “Хятад мөрөөдөл” нэртэй номондоо “21 дүгээр зуунд Хятад, Америк хоёр эн зэрэгцэж дэлхийд номер нэг улс болохын төлөө тэмцэлдэнэ” гэж бичжээ.
6 улс нэгэн зэрэг санаархаж буй Өмнөд Хятадын тэнгисийн бүлэг арал Спратлийн орчим хятадууд хиймэл арал хийж буй нь шинэ хүйтэн дайнд бэлдэж байна уу гэмээр. Саяхан АНУ-ын Батлан хамгаалах яам тус бүсэд, 12 милийн зайнаас ажиглалт хийх цэргийн хөлөг онгоцууд илгээх ажлыг авч хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Хэрэв ийм шийдвэр гарвал энэ нь Хятадуудыг ухар гэсэн дохио болно. Хариуд нь Хятадын Гадаад хэргийн сайд Вашингтоныг үндэсгүй таамаг дэвшүүлсэн гэж буруутгав.
Газар дундын тэнгист Орос, Хятадын 9 хөлөг онгоц хамтарсан сургууль хийсэн нь энэ хоёр орны харилцаа саяхнаас ойртсон гэдгийг харуулж байна. Сарын өмнө Хятадад тун дургүй вьетнамчууд АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн хэдэн арван төлөөлөгчийг Ханойд хүлээн авч уулзсан. Тэд Вьетнамын дайны 40 жилийн ой болохоос 8 хоногийн өмнө иржээ.
Цэргийн сургуулилт, зэвсгийн худалдаа, газар нутгийн маргаан зэрэг нь Вашингтон, Москва хоёрын дундах хуучны хүйтэн дайны уур амьсгалыг санагдуулж байна. Гэхдээ Вашингтон, Бээжин хоёрын дунд хүйтэн дайн үүслээ гэж бодоход өмнөхөөсөө зарим зүйлээр ялгаатай байна.
Гол ялгаа нь гэвэл Хятад энэ хүйтэн дайнд ЗХУ мөрөөдөөд ч хүрч чадаагүй тийм хүчтэй эдийн засагтай болсон. Зөвлөлтийн сүүлчийн өдрүүдийн гол бэлэг тэмдэг нь дэлгүүрийн хоосон лангуу байсан. Мөн ЗХУ Дорнод Европоос Африк, Латин Америк хүртэл өөрийн нөлөөг тогтоохдоо эдийн засгийн ядуурлыг хамт тархаасан. Төрийн бүрэн хяналтанд байх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг амжилт олсонгүй. Москва цөмийн зэвсгээр баян байсан ч эцсийн эцэст эдийн засгийн хувьд ялагдсан.
Хятадын нөлөө ийм маягаар тархаж буйг зарим судлаачид “хатуурсан зөөлөн хүч” гэж нэрлээд байна.
Харин дэлхийд хоёрт орох эдийн засагтай Хятад улс 10 жилийн дараа АНУ-ыг гүйцэд түрүүлэх магадлалтай. Хэдийгээр Хятадын төр банк, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг эдийн засгийн чухал секторуудыг хянадаг ч эдийн засгийн хөгжлийг зах зээлийнх нь зарчмаар явуулахыг хичээдэг. Үүний ачаар аж үйлдвэрийн олон салбарт, ялангуяа өндөр технологит хувийн хэвшлийнхэн чөлөөтэй ажиллах болж сүүлийн 30 жилийн дотор Хятадын эдийн засаг хурдацтай хөгжив. Үүний нэг тод жишээ нь Alibaba Group юм. Харин ЗХУ-д хувийн хэвшлийн, олон тэрбум долларын хөрөнгөтэй, Нью-Йоркийн бирж дээр худалдаа хийдэг компани байсангүй. Байх боломж ч байгаагүй.
Одоогийн байдлаар Хятад гадаадад эдийн засгийн нөлөөгөө тэлэх өргөн хэмжээний ажил хийж байна. Африкт Хятадын хөрөнгө оруулалттай дэд бүтцийн төслүүд хэрэгжиж байгаа. Хятадууд валютын асар их нөөцөө ашиглан Африк, Латин Америк даяар нефть, газ, ашигт малтмал зэрэг байгалийн нөөц худалдан авч байна. Хятадын нөлөө ийм маягаар тархаж буйг зарим судлаачид “хатуурсан зөөлөн хүч” гэж нэрлээд байна. Яагаад гэвэл эдийн засгийн иймэрхүү бодлогыг зөөлөн хүч гэж нэрлэх нь учир дутагдалтай. Дэлхий нийтэд тогтсон тодорхойлолтоор зөөлөн хүч гэдэг нь удирдлагын хэлбэр, төрийн ардчилал, ил тод байдал зэрэг олон хүчин зүйлээр илэрдэг. Бээжин эдийн засгийн аргыг нэлээд түрэмгий байдлаар ашигладаг. Валютынх нь нөөцөөс харахад Хятадын эдийн засаг удааширсан ч гэсэн энэ бодлого нэг хэсэгтээ үргэлжлэх шинжтэй.
Харин ажиглагчдын үзэж буйгаар АНУ хүндхэн байдалд ороод байна. Хэдийгээр цэргийн хүчээр Хятадаас илүү байгаа ч хятадууд сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын зардлаа эрс өсгөсөн. Техник, технологийн хувьд АНУ Хятадаас илүү гэвэл тийм. Америкчууд инновациар дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа. Гэхдээ ач холбогдол нь жил ирэх тусам багасаж АНУ-д гадаад өр, хүн ам зүйн хямрал, өсөлт нь удааширсан эдийн засаг гээд асуудал цөөнгүй болоод байна.
Хүйтэн дайн 1.0, Хүйтэн дайн 2.0-ын бас нэгэн ялгаа нь Хятадын зах зээл Зөвлөлт Холбоот Улсынхтай харьцуулахад дэлхийд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байна. Хүйтэн дайн 1.0-ийн үед АНУ-ын томоохон компаниудын 99,5 хувь ЗХУ-ын зах зээлд ажиллаж байгаагүй. Харин хагас коммунист Хятадууд зах зээлийн боломжийг геополитикийн хөзөр болгон ашиглаж магадгүй. Үүний зэрэгцээ тэд АНУ-ын бизнесийн хүрээнд том чухал байр суурь эзэлнэ. Хятад улс эдийн засгийн хямралаас зайлсхийж чадаж байгаа энэ нөхцөлд АНУ-ын хувьд тоглоомын шинэ дүрэмд дасахад улам л хэцүү болж байна.
Хувь заяаны егөөдөл гэлтэй АНУ-ын олон жилийн турш тусалж байсан Хятад орон хамгийн хүчтэй өрсөлдөгчдийнх нь нэг болж хувирав. АНУ хятадуудад туслахдаа Солонгос, Тайваны адил худалдаагаар дамжуулж Бээжинд улс төрийн өөрчлөлт хийж болно гэдэгт итгэлтэй байв. Гэвч энэ итгэл түүх болон үлдэж. Хятадын Коммунист нам байр сууриа алдахыг хүсэхгүй байна. Одоогоор Хятадын арми бүс нутгийн шинжтэй байгаа ч 2049 онд Коммунист нам 100 жилийнхээ ойг тэмдэглэх цагт дэлхийн хэмжээний зэвсэгт хүчин болж мэдэх юм. Энэ санааг Хятадын цэргийн эрх мэдэлтнүүд, намын томчууд нэг бус удаа илэрхийлсэн.
1990-иэд онд Америкчууд өрсөлдөгчгүй боллоо гэж бодож байсан ч 21 дүгээр зууны эхнээс бодит байдал өөр болж эхэллээ.