Чавес ч үгүй, бэлгэвч ч үгүй
Сүүлийн хэдэн жил венесуэлчүүд эдийн засгийн хямралын нөхцөлд амьдарч байна. Нефтийн үнэ унасанаар цогио инфляци бий болж барааны хомсдол, гэмт хэргийн өсөлтөөс болж олон мянган хүнд гудамжинд жагсч байна.
CNN телевизийн сурвалжлагчид Венесуэлийн нийслэл Каракаст бэлгэвч олохын тулд 8 эмийн сангаар оржээ. Эм зүйч Юраима Бачерын (Yuraima Bacher) ярьснаар сүүлийн үед Венесуэлд бэлгэвч хомсдолд оржээ. Иргэд голдуу Mercado Libre нэртэй дэлгүүрээс 36 ширхэгтэй боодол бэлгэвчийг 4,76 мянган боливо доллар буюу 755 ам.доллараар худалдаж авахаас өөр аргагүй болж байна.
Хэрэв зөвхөн бэлгэвчний зах зээл хямарсан бол сайн хэрэг. Харамсалтай энэ улсад хүний анхдагч хэрэгцээг хангах бараанууд хомсдож эхэлсэн байна.
Инфляци, хомсдол, аллага
Forbes сэтгүүлийн мэдээлснээр Венесуэлийн экспортын орлогын 95 хувь нь нефтээс хамааралтай аж. Бүх барааны 75 хувийг гаднаас авдаг учраас дэлгүүрийн лангуу хоосорч сүү, мах, тос, кофе, элсэн чихэр, эм, ариун цэврийн цаас хүрэлцэхээ болив. Ямар нэг зүйл худалдаж авахын тулд олон цаг оочерлох хэрэгтэй.
Forbes-т бичсэнээр инфляцийн түвшин 68,5 хувьд хүрчээ. Гэхдээ эдийн засагчдын үзэж буйгаар бодит инфляци 100-гаас давсан байна.
Үүний хажуугаар гэмт хэрэг өсөв. Сөрөг хүчний мэдээлснээр жил бүр 25 000 аллага (100 000 хүн тутамд 60 аллага) гардаг болсноор аллагын тоогоор Латин Америкт Гондурасын дараа орох болов. Гондураст энэ үзүүлэлт 100 000 хүн тутамд 79 аллага. Харин Бразильд 100 000 – 29 гэсэн харьцаатай.
Дэлгүүрийн бараанд оочерлож байгаа нь
Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр 10 хүн тутмын 4 нь Уго Чавесын зохиосон “21 дүгээр зууны социализм”-д урам хугарсан гэжээ. Datanalisis судалгааны байгууллагын дүнгээр хүн амын 65 хувь нь Чавесын залгамжлагч Мадурог дэмжихгүй байна. Эрх баригчдыг дэмждэг байсан хүн амын ядуу давхарга ч Мадурод дургүй болов.
Хямралыг туулах ер бусын аргууд
Венесуэлийн эрх баригчид хямралаас гарахын тулд ер бусын арга хэрэглэж байна. Цахилгаан хэмнэхийн тулд төрийн албан хаагчдын ажлын цагийг 8 цагаас 5 цаг хагас болгон богиносгов. Ингэхдээ үйлдвэрийн агааржуулагчдыг аль болох бага ашиглахын тулд ажлын цагийг харьцангуй сэрүүн байдаг үдээс өмнө болгож шилжүүлэв. Ингэснээр төрийн албан хаагчид өглөөний 07:30-13:00 хүртэл ажилладаг болов.
The Times-ын мэдээлснээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой орлого багатай гэр бүлүүдэд хөнгөлөлттэй дэлгүүрээр долоо хоногт хоёроос илүү удаа үйлчлүүлэхийг хоригложээ. Энэ шийдвэрийн гүйцэтгэлийг хянахаар цагдаа, цагаачлалын албаны төлөөлөгчид ажиллаж байна.
Нэгдүгээр сард Яракуй мужид дараалалд зогсож худалдааны төвд хонохыг хоригложээ. Эрх баригчдын хэлснээр хүмүүс дараа нь дамлан зарахын тулд хомсдолтой барааг их хэмжээгээр авах болжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард худалдан авалтын хэмжээг хянахын тулд улс орон даяар хурууны хээг скайнардах 20 000 төхөөрөмж суурилуулжээ.
Венесуэлд олон жилийн турш валютын эргэлтийг хатуу хянаж байгаа. Валютын арилжаа хориотой. Улсаас тогтоосон валютын ханш зах зээлийн ханшаас хэд дахин зөрөөтэй. Венесуэлийн насанд хүрсэн иргэн болон гадаад иргэн жилд 3000 аас дээш доллартай байх эрхгүй. Тиймээс улс оронд валютын хар зах зээл цэцэглэжээ.
Мадуро газрын тосныхонтой уулзав
Ард түмний дургүйцэл
2014 оны хоёрдугаар сараас Венесуэлд эсэргүүцлийн жагсаал намжихгүй байна. Цагдаа нар, жагсагчдын мөргөлдөөнд 40 гаруй хүн амиа алдаж, сөрөг хүчний зарим лидерүүд шоронд оров. Жагсагчид улс төр, эдийн засгийн шинэчлэл хийж, улс төрийн хэрэгтнүүдийг чөлөөлөхийг шаардаж байгаа.
Эсэргүүцлийн жагсаал
Нефтийн үнэ өссөн ч гэсэн Венесуэлийн эдийн засагт олон асуудал шийдэгдэхгүй үлдсэн хэвээр байх байв. Эрх баригчид эдийн засгийг нефтээс хараат бус болгох ёстой байлаа. Одоогийн Ерөнхийлөгч Мадуро хар алтны орнууд болох ОХУ, Саудын арабтай тохиролцох гэж оролдов. Үүний тулд тэр оны эхэнд хэд хэдэн улсад айлчилсны дотор Хятадад очжээ. Гэвч энэ айлчлалууд хэтэрхий үнэтэй болсон гэсэн шүүмжлэлд өртөв. Ерөнхийлөгч өөрийгөө хамгаалж Хятадтай 20 сая долларын хөрөнгө оруулалтыг тохирсон гэж мэдэгдсэн ч чухам юунд хөрөнгө оруулах тухай ярьсангүй.