АНУ-ын тагнуулын онгоцноос хийсэн тусгай сурвалжлага
CNN телевизийн сэтгүүлч Жими Скотт Өмнөд Хятадын тэнгист баригдаж буй хиймэл арлуудын орчим тусгай даалгавар биелүүлж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний тагнуулын онгоц P-8A Poseidon-д тусгай сурвалжлага хийжээ. Уг онгоц Хятадын талаас тус агаарын орон зайг орхин явах тухай сэрэмжлүүлэгийг 8 удаа авчээ. Саяхан сэтгүүлч Жимми the Reddit сайтад онлайн ярилцлага өгснийг vip76.mn орчуулан хүргэж байна.
Тагнуулын онгоц 8 удаагийн сэрэмжлүүлэг авсан ч ойшоож авч үзээгүй гэж үү?
Экипаж ийм сэрэмжлүүлэг ирнэ гэдгийг мэдэж байсан учраас тус агаарын орон зай нь олон улсынх гэсэн хариулт бэлэн байсан. Хоёр тал хоёулаа мэргэжлийн түвшинд тайван ажилласан. Гэхдээ нэг удаа Хятадын оператор “Эндээс зайлаач” гэж хашгирах сонсогдсон.
Америкийн онгоцууд үүнээс өмнө ч гэсэн маргаантай арлуудын орчим нисдэг байсан. Гэхдээ энэ удаа нуулгүй тагнуулын онгоцонд сурвалжлагын баг оруулсан. Хятадын Засгийн газрын хариу үйлдлээс харахад энэ алхам зөв юм шиг санагдсан.
Хятадын оператор “Эндээс зайлаач” гэж хашгирах сонсогдсон.
Сэрэмжлүүлэг авах үед экипажийн бүрэлдэхүүн дунд сэтгэл хөдлөлийн ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
Байгаагүй. Тэд нэг бус удаа тагнуулын нислэг хийж Хятадын тэнгисийн цэргийнхэнтэй тулж байсан. Хэдэн сарын өмнө Хятадын сөнөөгч Хятадын эргийн ойролцоо Америкийн ажиглах отрядын өмнөхөн хажуугаараа бүтэн эргэх үзүүлбэр хийсэн тохиолдол бий. АНУ албан ёсоор дургүйцлээ илэрхийлж, миний санаж буйгаар Хятадын тал дахиж ийм зүйл болохгүй гэж амласан.
Жими Скотт
Хятадууд 15 000 фут буюу 4,5 км-аас дээш өндөрт байгаа тагнуулын онгоцыг сөнөөж чадах уу? Энэ тохиолдолд 8 сэрэмжлүүлэг илүүдсэн гэж бодогдохгүй байна уу?
Сайхан асуулт байна. Тагнуулын онгоц Хятадын эргээс хол зайд байгаа тохиолдолд чадахгүй. Гэхдээ бид холгүй Хятадын байлдааны хөлөг онгоц харсан. Тэнд биднийг сөнөөж чадах зэвсэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Америкийн онгоц руу буудна гэдэг дайн зарласнаас ялгаагүй. Тиймээс ийм зүйл болох магадлал маш бага.
Тагнуулын онгоцны ажиллагааны тухай яагаад дэлхий дахинд зарлах болов?
Бас сайхан асуулт байна. Миний бодлоор Пентагон тэгж хүссэн бололтой. Тагнуулын онгоцонд сурвалжлагын групп оруулсан нь Америкийн цэргийнхэн хятадууд маргаантай бүс нутагт чухам хийж буйг харуулахаас гадна Вашингтон Бээжинг ажиглаж байгаа гэдгийг, үнэнийг хэлэхэд тэвчээр нь алдагдсан гэдгийг хүмүүст үзүүлэхийг зорьсон байх. Энэ нь ч зөв байсан.
Хиймэл арал үйлдвэрлэгч хавтан
Тагнуулын онгоцонд орсон нь таны сурвалжлагад яаж нөлөөлсөн бэ?
Иракт болсон хоёр дахь дайны үеэр дайны сэтгүүлчдийг мөргөлдөөний талбарт ажиллуулах нь цэргийнхэнд ашигтай байсан гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд энэ тохиолдолд сэтгүүлчийн амь цэргүүдээс шалтгаалдаг. Дайны аймшгуудыг хөндлөнгөөс ажиглахын тулд их тэвчээр хэрэгтэй байдаг. Би өөрөө ийм нөхцөлтэй нэг бус удаа тулгарч байсан. Энэ удаагийн нислэгээр ч гэсэн нөхцөл хүнд байсан ч би гарц олж чадсан. Хамгийн гол нь оновчтой асуулт тавьж зоосны хоёр талыг харуулах нь чухал.
Иймэрхүү тагнуулын нислэгээс болж маргаантай арлуудын төлөө мөргөлдөөн гарна гэж бодогдохгүй байна уу?
Хэн ч ийм зүйл болоосой гэж хүсэхгүй ч болохыг үгүйсгэхгүй. Хамгийн их санаа зовоож буй зүйл нь Хятадын онгоц, эсвэл хөлөг онгоц Америкийн цэргийнхэнтэй аюултай түвшинд ойртож болох явдал. Хэрэв халз тулаад аль нэг нь живчихвэл эвгүй юм болно. 2001 онд Хятадын сөнөөгч Америкийн тагнуулын онгоц Lockheed EP-3 тай мөргөлдөж сөнөөгч дэлбэрч, Америкийн экипаж арайхийж Хятадын нэг арал дээр газардсан явдал гарсан. Тэр арал дээр америкчуудыг хэдэн өдрийн турш саатуулсан. Хятадын цэргийн хүчин чадал ихэссэн өнөөгийн нөхцөлд ийм явдал гашуун үр дагаварт хүргэх аюултай.
Өнөөдөр бий болоод буй нөхцөл байдалд соёлын хүчин зүйлс нөлөөлсөн үү? Өөр соёлтой хүмүүс нэг нэгнээ ойлгож чадаагүй нь харилцаа муудахад нөлөөлсөн гэж үзэж болох уу?
Миний бодлоор соёлын ялгаа нөлөөлөөгүй, харин Хятад, Америк хоёр болж буй явдлыг өөр өөр өнцгөөс харж буйд шалтгаан нь бий. Олон хятадуудын бодлоор гадны гүрнүүд тэдний сонирхлыг 100 гаруй жил үл ойшоосон. Харин одоо Хятад хүчирхэгжиж том гүрний хэмжээнд очсон учраас алдсанаа эргүүлж авах хүсэлтэй байгаа. Энэ нь голдуу газар нутгийн маргаанаар илэрдэг. Тиймээс Өмнөд Хятадын тэнгист Америкийн цэргийнхэн байгаад хятадууд дургүйцэж тус бүс нутгийг Хятадын нөлөөнд байх ёстой гэж үздэг.
Харин Вашингтон өөр бодолтой. Зүүн өмнөд Азийн олон орон АНУ-ыг холбоотон гэж үздэг. Хятад, Америкийн дипломатчдын хувьд хоёр гүрний аль нь дэлхийн лидер болох вэ гэсэн зайлшгүй маргааныг зохицуулах нь толгойны өвчин болоод байна. Өрсөлдөөний энэ хандлага өнөөдөр улам хүчээ авч байна.
Өмнөд Хятадын тэнгист баригдаж буй хиймэл арлууд болон бусад маргаантай арлууд Хятад, Японы хооронд томоохон хэрүүлийн алим болох магадлал бий юу?
Аюул ойрхон гэж хэлж болно. Яагаад гэвэл Хятад, Японы онгоц бие биедээ маш ойрхон очсон удаа бий.
Онгоцны буудал бүхий хиймэл арлууд
Орос, Хятад холбоотон болох магадлал бий юу? Хоёр орны ээдрээтэй түүхэн харилцаа, АНУ-ыг үзэн ядах нийтлэг хандлага хоёрын аль нь хүчтэй вэ?
Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын харилцаа зузаарч байгааг бид анзаарч байна. Гэхдээ хятадууд “мөнхийн дайсан, нөхөр байхгүй, мөнхийн эрх ашиг бий” гэсэн зарчмаар ажилладаг хүмүүс. Байнгын холбоотон гэж байдаггүй. Оросын Алс Дорнодод Хятадын цагаачид ихэссэн нь оросуудын санааг зовоож байгаа.
Хятадын эрэг дагуух хиймэл арлууд экологид яаж нөлөөлөх вэ?
Энэ бол экологичдын хэлснээр улс төрийн сэдвийн цаана анзаарагдаагүй үлдсэн хүнд асуудал. Экологийн үүднээс хиймэл арал барьж буй шүрэн арлууд загасны аж ахуйн хувьд их чухал. Би хэдийгээр экологич биш ч далайн ёроолоос элс хутгаж шүрэн арал дээр асгана гэдэг сайхан санаа биш.