АНУ-ын Засгийн газар хакерын халдлагад өртөв
Барак Обама
2015.06.06

АНУ-ын Засгийн газар хакерын халдлагад өртөв

Америкчуудын хувьд мэдээллийн цахим орчин дахь аюулгүй байдал гэдэг толгой өвтгөсөн асуудал болоод байна. Кибер орон зай дахь өгөгдлийг хамгаалахын тулд өчнөөн тэрбум доллар зардаг ч хакерууд банкаар зогсохгүй АНУ-ын төрийн байгууллагуудын сайтыг эвдэх болов. 4 сая төрийн албан хаагчийн мэдээллийг хулгайлсан хамгийн сүүлийн халдлага сарын өмнө болсон ч энэ талаарх мэдээлэл зөвхөн өнгөрсөн долоо хоногт олонд ил болов. 

Цагаан ордныхон ямар нэгэн тайлбар хийх хэрэгтэй болж байна.  АНУ-ын Засгийн газрын боловсон хүчин хариуцдаг байгууллагын сайтаас эдгээр мэдээлэл алдагджээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгэн өндөр албан тушаалтан Wall Street Journal-д ярьснаар энэ нь хамгийн том хакерын дайралтуудын нэг болсон байна.

Засгийн Газрын боловсон хүчний байгууллагын Техникийн хэлтэс 4 дүгээр сарын сүүлээр өөрийн сайтад хэн нэгэн этгээд идэвхжих болсныг анзаарчээ. Харин тавдугаар сарын эхээр Дотоодын аюулгүй байдлын яаманд ч гэсэн түгшүүртэй мэдээг баталгаажуулав.

Халдлагын мөрдлөгийг Холбооны мөрдөх товчоо хариуцаж байна.  Одоог хүртэл янз бүрийн яам, газарт ажилладаг төрийн албан хаагчдад мэдээлэл нь алдагдсан талаар захиа явуулсаар байна.

Хулгайлагдсан өгөгдлүүд нэлээд өргөн хүрээг хамарна. Хакерууд төрийн албан хаагчдын нийгмийн даатгалын тооцооны дугаараас гадна хаана, юу хийдэг, ямар туршлагатай талаарх мэдээллийг хүртэл хулгайлжээ.

Цагаан ордон шүүмжлэлд дасаагүй учир нэлээд хүнд байдалд байна. Төрийн байгууллагын сайтад халдана гэдэг төрийн нууцыг алдсантай адилхан учраас АНУ-ын дайснууд одоо Америкчуудыг тагнахын тулд тагнуулчид илгээх шаардлагагүй, хэдэн хакертай байхад л хангалттай аж. Үүнээс өмнөхөн Ерөнхийлөгч болон Төрийн департаментын ажилтнуудын цахим шууданг эвдсэн хэрэг гарсан. Энэ халдлагад оросуудыг буруутгасан. Харин энэ удаа Хятадууд буруутай байж магадгүй хэмээн үзэж байна.

Цахим халдлагын буруутныг олно гэдэг тун хэцүү.  Тиймээс халдлагад өртсөн байгууллагуудын албан ёсны мэдээлэлд “буруутан” биш, голдуу “сэжигтэн” гэсэн үг байдаг.  Одоохондоо Вашингтоныхан халдлагыг Хятадын газар нутгаас хийсэн байх магадлалтай гэж үзэж байгаа ч яарч дүгнэлт гаргахгүй байна. 

Хятадын хакерууд голдуу Америкийн компани, банкууд, төрийн байгууллагын сайтууд руу халддаг.  Жилийн өмнө Цагаан Ордон гэнэтийн шийдвэр гаргаж Шанхайд байрладаг, цахим дайнаар мэргэшсэн 61398 цэргийн ангийн 5 хүнийг буруутгасан.

Бээжин мэдээж тэр болгонд нь няцаадаг. АНУ дахь Хятадын элчин сайд “Ор үндэсгүй таамаг дэвшүүлж дүгнэлт гаргах нь тун хариуцлагагүй” гэж мэдэгджээ.