Урагшаа нэг, хойшоо хоёр алхам
2015.06.16

Урагшаа нэг, хойшоо хоёр алхам

Хойд Солонгосын дэглэм гайхалтай тэсвэртэй аж. Аль 90-ээд оноос Хойд Солонгос бусдын тусламжгүй оршин тогтнохгүй гэж байсан ч туйлын эрх мэдэл Кимийн удмынхны гарт хэвээр байна.  Саяхныг хүртэл Хойд Солонгос Хятад, Вьетнамд болсон шиг эдийн засгийн өөрчлөлтөөс зайлсхийж ирсэн. Харин шинэ удирдагч Ким Чен У зарим нэг өөрчлөлт хийхээр шийдсэн билээ. Харамсалтай энэ шинэчлэл эхэлсэн даруйдаа унтрах шиг болов. 

Шуудхан хэлэхэд Хойд Солонгосын өнөөгийн удирдагч Ким Чен У барууны сэтгүүлчдийн доог, тохууны объект болсон.  Заримдаа дооглуулах шалтагаа өөрөө гаргана.  Өвөөгөөсөө уламжилж авсан хуучин модтой хувцас, этгээд үс засалт, аажмаар таргалах гэдэс зэрэг нь үнэндээ инээдтэй гэмээр. Зарим нэг биеэ авч яваа байдал нь ч гэсэн имижид нь муугаар нөлөөлдөг.  Тухайлбал бусад улсын ерөнхийлөгчтэй хэргээр уулздаггүй мөртөө Америкийн чөлөөнд гарсан сагсан бөмбөгч Дэнис Родман болон бусад этгээд нөхдүүдтэй харилцах цаг гаргадаг байна.

Гэхдээ сэтгүүлчдийн тэр болгон анзааралгүй өнгөрөөдөг нэг зүйл бий.  Ким Чен У удирдагч болсныхоо дараа улс орондоо зарим нэг эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлсэн.  Тэр хичнээн инээдтэй ч Хойд Солонгосыг дарангуйлал доорхи хөгжингүй улс болгохыг зорьсон. Өөрөөр хэлбэл 60-аад оны Өмнөд Солонгос, 80-аад оны Хятадын замаар явахыг хүссэн гэсэн үг. 

Саяхныг хүртэл Хойд Солонгос энэ замаар багагүй амжилттай явж ирсэн.  Гэвч сүүлийн үед 2012 онд эхэлсэн шинэчлэл зогсох шинжтэй болов.

Умардын эдийн засгийн шинэчлэл хөдөө аж ахуйгаас эхэлж баялагийг бүтээгчид нь гэр бүлүүд болсон.  Өмнө нь тариачид өдөр бүр 500-700 грамм үр тариагаар газар тариалан эрхэлж бүх ургацыг улс хурааж авдаг байсан бол шинэчлэлт хийгдсэнээр ургацынхаа 30-50 хувийг өөртөө авч үлдэх болов. Үүний үр дүнд 2013, 2014 онд ургац хураалт рекорд тогтоож Хойд Солонгос сүүлийн 25 жилд анх удаа хүнсээр өөрийгөө хангах хэмжээнд ойртож очжээ.

Үүний зэрэгцээ гадны хөрөнгө оруулалтыг татах алхамууд хийв.  Эдийн засгийн тусгай (ЭЗТБ) бүс гурав байсныг 23 болгов. Өмнө нь хаалттай байсан ЭЗТБ-д гадны хөрөнгө оруулагчид ажиллах боломжтой боллоо. 

Хойд Солонгосын шувуун фабрикийн үйлдвэр

Хамгийн том өөрчлөлтийг 2015 онд хийхээр төлөвлөв.  2014 оны тавдугаар сард баталсан Сайдуудын танхим, Төв хорооны шийдвэрээр энэ оноос эхлээд аж үйлдвэр тэр чигээрээ аж ахуйн бүрэн тооцоонд шилжих ёстой байв. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн дарга нар шаардлагатай түүхий эд, тоног төхөөрөмж зэргийг зах зээлийн үнээр авч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хүссэн үнээрээ зарах бололцоо үүсэх байлаа.  Түүнчлэн өөрсдөө мэдэж ажилтныг халах, хөлслөх,  цалин тогтоох эрхтэй болно.

Харамсалтай нь он гараад талдаа орсон ч ямар нэгэн өөрчлөлт гарсангүй.  Гэхдээ зарим нэг үйлдвэр шинэ системээр ажиллаж байгаа. Эдгээр үйлдвэрийн ажилчид Хойд Солонгостоо хэтэрхий өндөр гэмээр 300-500 мянган вон буюу сард 50-70 долларын цалинтай ажилладаг болсон.  Гэвч бусад үйлдвэрт цалингийн хэмжээ сард 1 доллараас хэтрэхгүй байна. 

Дээрээс нь хөрөнгө оруулагчдын байдал улам хүнд болов. Хойд Солонгосын түншүүд гэнэтхэн л өмнө нь огт ярьж байгаагүй татвар, хураамж нэхэж, олсон ашгаа гадагш нь гаргахад саад хийж, элдвээр шалгах болов. Ялангуяа Хятадын хөрөнгө оруулагчид хохиров. Учир нь гадаад худалдаанд Хятад ноёрхож буйд Хойд Солонгосчууд дургүй байгаа.  Тиймээс Хятадын хөрөнгө оруулалтыг багасгаж бусад орноос хөрөнгө оруулагч татах гэсэн нь энэ аж.  Гэсэн ч Умардад бизнес эрхэлнэ гэдэг асуудалтай болоод байна. 

Хойд Солонгосын хэвлэлүүд уламжлал ёсоор энэ тухай нэг ч үгүй дуугарсангүй. Тиймээс ажиглагчид зөвхөн таамаг дэвшүүлж байна. 

Будааны талбай дээрх хөгжмийн завсарлага

Гэнэтийн алхам хийх дуртай Ким Чен Ун эцсийн мөчид бодлоо өөрчилж шинэчлэлээс татгалзсан байхыг үгүйсгэхгүй. Эсвэл Чучхейн социализм нурах вий гэхээс болгоомжилсон Хойд Солонгосын ахмад үеийн дарга нар удирдагчийн алхмыг эсэргүүцсэн байж болох юм. 

Түүнчлэн зарим нэг эдийн засгийн шалтгааны улмаас шинэчлэлийг хойшлуулсан байх магадлалтай.  Учир нь цалингийн шинэ систем ээлжит цогио инфляцийг өдөөж болох учир банкны салбарт бэлтгэл ажил хийх хэрэгтэй. Хэрэв Пхеньянд чухам энэ ажил хийгдэж байгаа бол сайн хэрэг.