Путин яагаад байнга хоцордог вэ?
Тэвчээртэй байна гэдэг мэдээж сайн хэрэг. Гэхдээ Ромын Папыг хүлээлгэдэг зүрхтэй хүн бараг байхгүй л болов уу? Харин В.Путины хувьд хоцорно гэдэг хэвийн үзэгдэл болж Ромын Паптай уулзахдаа түүнийг бүтэн цаг хүлээлгэжээ.
Оросын Ерөнхийлөгчийн хоцордог нь нэг ёсны домог болж, Кремлийн сэтгүүлчдийн ярьж буйгаар Путины уулзалтууд яг цагтаа эхэлнэ гэдэг тун ховор үзэгдэл аж.
2013 онд Путин Ромын Паптай уулзахдаа мөн 50 минут хоцорсон. Тэгэхэд Оросын "Московский комсомолец" сонинд “Путин Бурхны элчийг хүлээлгэв” гэсэн нийтлэл гарч байв. Италийн хэвлэлүүдэд Папын туслахууд Оросын ерөнхийлөгчийг хүлээж цаг орчим хүйтэнд даарч зогслоо гэж бичиж байлаа.
Украйны Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг 4 цаг хүлээлгэж тэвчээрийг нь “шалгажээ”. Европын ерөнхийлөгч, ерөнхий сайдуудтай уулзахдаа ч тэр байнга хоцордог аж. Ангель Меркельтэй уулзахдаа хоёр ч удаа хоцорчээ. 2012 оны 6 дугаар сарын 1 нд Меркель Путиныг цаг гаруй хүлээсэн. Өнгөрсөн оны 10 дугаар сард Миланд болсон уулзалт товлосон цагаасаа 4 цагийн дараа эхэлсэн.
Путин, Меркель хоёр
Путины хоцордог зуршил ерөнхийлөгч болох үеэс эхэлжээ. 2003 онд Английн Хатан Хаантай уулзахдаа 14 минут хоцорсон. 2006 онд Испаний Ван Хуан Карлосыг 20 минут, 2011 онд Шведийн Ван Карл Густавыг 30 минут хүлээлгэжээ. 2012 онд Мексикт болсон “Их 20”-ын уулзалтын үеэр Барак Обама Путиныг 40 минут хүлээж зогссон байна.
2002 онд онгоцны ослоор нас барагдсын ар гэрийнхнийг оршуулгын газарт 2 цаг хүлээлгэж зогсоосон.
Путин, Английн Хатан хаан Елизабета
2012 онд Жон Керритэй Москвад уулзахдаа 3 цаг хүлээлгэж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Путиныг хүлээх зуураа Улаан Талбайгаар зугаалахаас өөр аргагүй болжээ. Жон Керриг зугаалж байхад Оросын Ерөнхийлөгчийн хүлээн авах зааланд Израйлын Ерөнхий сайд Беня Нетаньяху 30 минут, Их Британий Ерөнхий сайд Кэмерон 1,5 цаг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун 2 цаг Путиныг хүлээж суужээ. Тэр үед НҮБ дахь Оросын төлөөлөгч Виталий Чуркин CNN телевизэд ярилцлага өгөхдөө “Дипломат орчинд уулзалт хойшлогдох, хүлээх явдал байнга гардаг” гэж хэлжээ.
Гэвч Путин хэвлэлийн бага хурал, томоохон арга хэмжээн дээр яг цагтаа ирдэг учраас зарим ажиглагчид Путины гадныхантай уулзахдаа байнга хоцордог нь цаагуураа зорилготой, нарийн боловсруулсан сэтгэл зүйн тактик гэж үздэг.
Жон Керри Улаан талбай дээр
Гэхдээ Путин зөвхөн уулзалтанд хоцордог юм биш. Түүний хуучин эхнэр Людмила болзоон дээрээ Путиныг хүлээж цөхрөөд уйлж байсан тухайгаа ярьжээ.
Ромын паптай уулзахдаа яагаад хоцорсон тухай Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлахдаа: “Уулзалт товлосон цагаасаа жаахан хожуу эхэлсэн нь Миланд болсон хэлэлцээр сунжирснаас гадна Ерөнхийлөгчийн цуваа Ром, Миланы гудамжаар удаан явж байсантай холбоотой. Гэхдээ бид байнга Ватикантай холбогдож энэ тухай мэдээлж байсан” гэж хэлжээ.
Песковын хэлснээр цаг орчим үргэлжилсэн уулзалт үр дүнтэй болж Ромын пап, Путин хоёр Украйнаас эхлээд дэлхий нийтийн санааг зовоож буй асуудал, түүнчлэн католик, үнэн алдартны ертөнцийг нэгтгэдэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийн талаар ярилцсан ажээ. Ромын Пап Украйнд энх тайван тогтоохыг уриалж Путинд “Энх тайвны элч” нэртэй медаль гардуулжээ.
Уг уулзалтын өмнө Итали дахь АНУ-ын элчин сайд Кеннет Хэкетт (Kenneth Hackett) “Ромын Пап Путинтай уулзахдаа Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар илүү ихийг хэлж чадна гэж найдаж байна” гэж хэлсэн нь Песковын дургүйг хүргэв. Тэрээр “Ромын Папад юу ярихыг нь сургахыг оролдоно гэдэг хариуцлагагүй хэрэг бөгөөд энэ нь тусгаар улсын хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого” гэж хэлжээ.