О.Баасанхүү: Улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүн хариуцлагаа заавал хүлээх ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төрийн албан хаагчдын оффисын хэл ам дагуулсан барилгыг эмнэлгийн анхных нь зориулалтаар ашиглах ёстой гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Гэтэл энэ эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглахын тулд дахиад л хөрөнгө санхүү төсөвлөж, өөрчлөх шаардлага гарч байна. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх юм бэ?
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг бол 80 жилийн түүхтэй. Энэ эмнэлгийн барилга нь 80 жил болсон учир ялзарч муудсан тул нураах шаардлагатай болсон. Тухайн үед энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхдээ шинэ барилга барих нь зүйтэй. Гэхдээ ямар зориулалтаар ашиглах вэ гэдэг дээр талцаж байгаад эмнэлгийн зориулалтаар ашиглах барилга барих шийдвэр гаргаж байсан юм билээ.
Намайг УИХ-д орж ирэх үед энэ барилгын ажлыг гүйцээхэд 4.5 тэрбум төгрөг дутуу байсан. Тухайн үед төсвийг нь гаргаж өгөөд эмнэлгийн барилгыг үргэлжлүүлэх үүргийг УИХ-аас өгсөн.Харамсалтай нь Засгийн газар Төсвийн тухай хуулийг зөрчиж, энэхүү барилгыг оффисын зориулалтаар ашиглах нь зүйтэй гэсэн тогтоолыг гаргасан байдаг юм.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар хууль давсан тогтоол гаргасан гэсэн үг. Тухайн үед би үүнийг нь сануулж, асуудал тавьж байсан ч авч хэлэлцээгүй. Нөгөөтэйгүүр, энэ асуудлыг ингэж эргэнэ гэж би мэдэж байсан юм. Эмнэлгийн барилгын ажлыг дуусга гэж УИХ-аас төсөвлөсөн 4.5 тэрбум төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагч буюу тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр зориулалтаар ашиглаж, гражийг нь шорон хэлбэрээр өөрчилж барьсан байгаа юм.
Эмнэлгийн барилгыг ингэж өөрчлөхдөө улсаас төсөвлөсөн 4.5 тэрбум төгрөгийн ихэнхийг нь буюу гурав гаруй тэрбум төгрөгийг аль хэдийнэ үрэн таран хийсэн байгаа юм. Энэ бүх асуудал дээр хариуцлага ярих ёстой. Би хувьдаа Төсвийн тухай хуулийг Засгийн газар зөрчсөн гэдэг асуудлыг тавьсан. Нөгөөтэйгүүр, төсвийн зориулалтыг дур зоргоороо өөрчилж болохгүй шүү дээ.
Ер нь сургуулийн барилга барина гэсэн мөнгөөр яамны барилга, яамны барилга барина гэсэн мөнгөөр сургуулийн барилга барьж болохгүй л байхгүй юу
Ер нь сургуулийн барилга барина гэсэн мөнгөөр яамны барилга, яамны барилга барина гэсэн мөнгөөр сургуулийн барилга барьж болохгүй л байхгүй юу. Тиймээс би хувьдаа энэ асуудал дээр аудитын шалгалт оруулж, улсаас төсөвлөсөн 4.5 тэрбум төгрөгийг хуулийн хүрээнд, зориулалтын дагуу зарцуулсан байна уу, үгүй юу гэдгийг нь шалгуулна. Аудитын дүн гарсны дараа асуудлыг шат шатанд нь тавина.
-Эмнэлгийн барилгынгражийг шорон болгосон байна гэлээ. Тодруулахгүй юу. Хуулийн байгууллагад саатуулах байр байх ёстой гэсэн яриа бий. Нөгөөтэйгүүр энэ бүхэнд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байдаг?
-Би эмнэлгийн барилгатай танилцсан, Хонгилд нь найман машины граж байсан юм билээ. Гэтэл үүнийг нь шорон болгочихсон байсан. Үнэ өртгийн талаар барилгын инженерээс нь асуухад барагцаагаар нэг тэрбум гаруй төгрөгийг шорон барихад зарцуулсан гэж хэлсэн. Төрийн онцгой обьектод шорон байдаг. Ямар нэг байдлаар хүнийг хорьж, саатуулах урьдчилан хорих төв барихын тулд зайлшгүй УИХ-аар тогтоол гаргуулсны үндсэн дээр хийх ёстой.
-Эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилж байх явцад Монголд ганц байсан МК аппарат эвдэрсэн гэж байгаа. Үүнийг засахад бас л хөрөнгө шаардагдах нь тодорхой байх?
-Нийт 3.7 тэрбум төгрөг ам.долларын ханш өссөн энэ үед таван тэрбум төгрөгийн өртөг бүхий МК аппаратны тэжээлийн дэд станцыг нь дэлбэлчихсэн юм билээ. Үүнээс болоод энэ аппарат ажиллагаагүй болсон. Үүнийг засахын тулд 300 сая төгрөг шаардлагатай гэж байгаа.
Энэ бүхэн манай хуулийн байгууллагууд ямар том толгойтой болсныг илтгэж байгаа юм. Сая Хууль зүйн байнгын хорооны хурал дээр энэ талаар нэлээд ярилаа. Тухайлбал, 15 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашиглаж цалин болгож өгсөн байгаа байхгүй юу. Өнөөдөр манай хуулийн байгууллагын нүүр царай ийм л байна.
-Эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж байсан барилгыг оффисын зориулалтаар ашиглахаар болж өорчлөлт хийсэн. Гэтэл одоо оффисын зориулалтаар ашиглахаар болчихсон байсан барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргачихлаа. Дахиад л өөрчлөх асуудал гарна. Наад зах нь тэр шоронг нь буцааж граж болгохоос эхлээд МК аппаратыг ажилд оруулах хэрэгтэй. Энэ бүх асуудлыг яаж шийдэх юм бэ?
-Би нэг л зүйлийг энд хэлье. Сонгинохайрхан дүүргийн 150 хүүхдийн ортой эмнэлэгт 250 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлж байна. Энэ юу хэлээд байна вэ гэхээр зайлшгүй эмнэлэг барих ёстой гэсэн үг. Эмнэлэг барихын тулд хөрөнгө мөнгө шаардагдах нь гарцаагүй. Тэгэхээр бидэнд хоёр сонголт байгаа юм.
Нэг нь шинээр эмнэлэг барих. Нөгөө нь Х.Тэмүүжиний эвдэлж, нураасан зүйлийг буцаагаад хэвэнд нь оруулж, хүүхдийн эмнэлэг болгох. Миний хувьд хоёр дахь аргыг сонгох нь цаг хугацааны хувьд ч тэр хөрөнгө мөнгөний хувьд ч тэр хэмнэлттэй гэж бодож байгаа. Тэр мөнгийг мэдээж төсвөөс гаргана.
-Анхнаас нь зориулалтын барилгын зориулалтыг өөрчилсөн хүн энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ?
-Төсвийн хөрөнгийг үрэн таран хийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүн хариуцлагаа заавал хүлээх ёстой. Энэ нь дараа дараагийн хүмүүст сургамж болох юм. Хэн нэгэнд хариуцлага тооцохгүйгээр барилгыг дахин засах мөнгийг гаргаад толгойг нь илж болохгүй.
-Тэгэхээр УИХ-ын гишүүд ч гэсэн хариуцлага хүлээх юм биш үү. Засгийн газар Төсвийн тухай хууль зөрчиж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрснийхөо төлөө?
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг оффисын зориулалтаар ашиглах тухай Засгийн газрын шийдвэрийг хууль ёсны болон хууль бус гэдэг шийдвэрийг УИХ-аас гаргаагүй, Тиймээс энэ асуудлыг хөндөхөд одоо ч гэсэн нээлттэй хэвээр байгаа. Гэхдээ тухайн үед байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байхад 26 гишүүн эсэргүүцсэн байдаг юм. Харамсалтай нь эмнэлгийн барилгыг хүчээр ч гэдэг юм уу, дөргүй бух шиг яаран сандран эвдсэнд маш их харамсч байгаа.
-Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг “Х.Тэмүүжин сайдын хийсэн бүхнийг баллах гэж байна” гэсэн шүүмжлэл өрнөж байна. Тухайлбал, Х.Тэмүүжин сайдын үед өргөн барьсан хуулийн тослүүдийг эргүүлэн татлаа. Х.Тэмүүжин сайдыг шалгуулахаар АТГ-т хандлаа. Энэ бүхэн нийгэмд дээрх хандлагыг төрүүлж байх шиг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Д.Дорлигжав сайдыг би том улстөрч, том хуульч гэж хардаг. Өмиө нь Батлан хамгаалахын сайд хүртэл хийж байсан хүн шүү дээ. Би сайдтай хэд хэдэн удаа уулзсан. Уулзахдаа эмнэлгийн асуудлыг нэг тийш нь шийдээч. Өмнөх сайдын чинь алдаа шүү гэдгийг сануулсан.
Нөгөөтэйгүүр; эрх зүйн шинэчлэл гэдэг нэрийн дор ямар олон асуудал үүсэв. Тухайлбал,. хүн эрхээ хамгаалуулахын тулд Улсын Дээд шүүхийн бүгд хуралдаанд орох эрх нь үтүй боллоо. Өнэ асуудлыг шийдэх гээд Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсчихсэн. Тойргийн шүүхүүд байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргачихлда. Тэгэхээр энэ бүх алдааг засах нь зөв гэж бодож байна. Д.Дорлигжав сайд ажлаа аваад удаагүй учир хэрхэн ажиллахыг нь харж байгаа. Ажлаа хийж чадахгүй бол шаардлагаа тавиад л явна.
-Танай намын хоёр ч гишүүн тендерийн асуудалтай холбогдсон. Гэхдээ энэ бүхэндээ өөрсдөө тайлбар хийлээ. Ч.Улаан гишүүний тайлбараар бол энэ бүх асуудлыг нам дотроос нь гаргасан гэсэн. Та энэ бүхэнд ямар хариулт өгөх вэ. Танай намынхан Ч.Улаан сайдыг гадуурхаад байгаа юм уу?
-МАХН бол одоогийн Ардын намаас хуваагдаж байгуулагдсан нам. Тэр үүднээс үзэл бодлын зөрчил байж болно гэж үздэг. Энэ бол нам амьд байгаагийн жишээ. Гэхдээ хувь хүмүүсийн асуудлыг намынх гэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Би энэ асуудлаар Ч.Улаан гишүүнтэй ч тэр З.Баянсэлэнгэ гишүүнтэй ч тэр уулзсан. Өөрсдөө энэ бүхнийг үгүйсгэж байна билээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тэр энэ бүхнийгээ үгүйсгэж, үнэн мөнөө нотлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг нь ч сонссон. Тэдний дээрх асуудал нь үнэн бол хариуцлага хүлээхэд бэлэн гэж байгаа нь өмнө нь гарч байсан тохиолдол биш шүү гэдгийг хэлэх байна. Тэгээд ч өнөөгийн нөхцөлд тендер гэдэг тийм ч аймаар зүйл биш шүү дээ.
Хуучин ил тод биш байх үед буюу Тендерийн тухай хууль батлагдаагүй байхад Батлан хамгаалах яам даавууны олон жилийн нөөцтэй болчихсон байсан гэсэн, Энэ бол төсвийн хөрөнгийг үргүй зардаг байсан асуудал. Энэ бүхнийг үгүй болгохын тулд тендер гэгч зүйлийг гаргасан. Тэгэхээр тендер хариуцлага гэсэн үг. Гэхдээ энэ бүхнийг албан тушаал, эрх мэдлээ ашиглаж өөрсдөдөө давуу байдал тогтоож ашгийг хувьдаа авч байгаа бол хууль бус гэж ярина. Манай намын хоёр гишүүн ийм асуудал байхгүй гэсэн. Тиймээс би тэдэнд итгэж байна.