С.Ганбаатар: АН, МАН Р.Эрдэнэбүрэнгээс болоод маргалдсан
Засагт хамтрахгүй сөрөг хүчин болно хэмээн мэдэгдээд буй Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийж, Засгийн газрын нэлээдгүй шүүмжиллээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэд, хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар үдээс хойш хуралдсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Өнгөрсөн долоо хоногт УИХ товлосон асуудлаа хэлэлцэж шийдвэрлэж чадсангүй. Баасан гаригийн хуралдаан 09.00 цагаас эхлэх байтал 16.00 цагаас эхэлсэн. Үүнээс болоод олон хууль тогтоомж гарах байтал гарч чадсангүй. Улс орноо бодъя гээд хамтарч Засаг байгуулсан намууд маань эвдрэлцээд эхэлсэн.
Тэд төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдаж эхэлсэн. Манай нам тэдийг авна гэж хоорондоо маргалдсан. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал монгол төрийн жинхэнэ дээд албан тушаалтан. Үүнийг улс төржүүлж нам, намдаа авна гэж маргалдсан. Дэд сайдуудынхаа тоог л хуваадаг юм байгаа биз. Намын эрх ашгийг дээр нь тавьж улсын эрх ашгийг орхигдуулж болохгүй” хэмээн шүүмжиллээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараах тодруулгыг авлаа.
-УИХ-ын чуулганы хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон. Үүний цаана үнэхээр албан тушаалын булаацалдаан, наймаа явсан талаарх нотолгоо байгаа юу?
-Төрийн нарийн бичгийн даргын албыг хуваах гээд чуулганы хуралдааныг саатуулсан талаар бид бүгд мэдэж байгаа. Энэ талаар МАН-ын гишүүд өөрсдөө ч хэлсэн.
-МАН-ын гишүүдийн хэлсэн зүйлийг дэлгэрүүлбэл..?
-Төрийн нарийн бичгийн албан тушаал нь угтаа бол улс төрийн албан тушаал биш. Төрийн албаны зөвлөлийн тухай хуулиар сонгон шалгаруулалт явуулж байж сонгодог. Гэтэл 2012 оны сонгуулийн дараа АН-ын өөрсдөө үүнийг улс төрийн албан тушаалтан мэт болгосон.
Тиймээс бид өмнө нь байсан хүмүүсээ оруулж, зохих ёсоор хуваарилтад оруулж авах гэсэн юм. Мөн сонгуульд ялсан намын гишүүдээс Төрийн албаны зөвлөл орчихдог нь жинхэнэ утгаараа байж ажиллахад нь саад болдог. Түүнчлэн МАН-даа хэлэлгүй дэд сайдаа хоёроор нэмсэн зэрэг асуудлаас болоод л чуулган хойшилсон. Сандал ширээний маргаанаас болж Төрийн ажлыг гацааж буй хэрэг.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хоёр нам Төрийн нарийн бичгийн даргын суудал дээр Р.Эрдэнэбүрэнгээс болж маргалдсан. Эрдэнэбүрэнг илүүд үзлээ гэж маргалдаад энэ хоёр нам нүдний булай болж байна. Зул бөхөхийн өмнө бадамладаг шүү дээ. МАНАН бол яг л тийм байна. АН бол дүүрчихсэн. МАН-ын залуучуудыг гайгүй байх гэж боддог байсан.
Гэтэл хөгшчүүдээсээ долоон дор юм. С.Бямбацогтыг дагаад явж байгаа залуус арьсан дотроо үхчихсэн. Тэдэнд эх орон гэж байна уу. Яаж тэднээс улс орны төлөө сайн сайхан юм хүсэх юм бэ. Үнэндээ хэлэх үг алга. Тэд намайг худлаа ярьж байна гэж нэг нь ч хэлж чадахгүй. Маргааш гүтгэлээ гэж шүүхэд өгөөсэй. Нэг нь ч тэгж хэлж чадахгүй. Яагаад гэвэл би үнэн хэлж байна. Бид бодит байдлыг хэлж засаж залруулахын төлөө ажиллана" гэв.