Л.Болд: Парламент Засгийн газар байгуулагдсаны маргаашнаас хэнд ч хэрэггүй болж байна
УИX-ын гишүүн Л.Болд
2014.12.15

Л.Болд: Парламент Засгийн газар байгуулагдсаны маргаашнаас хэнд ч хэрэггүй болж байна

УИX- ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Та баасан гаригийн чуулган дээр шинэ Засгийн газрын гишүүд хуралдаа суухгүй байна хэмээн нэлээд шүүмжиллээ. Гэнэт бухимдах шалтгаан юу байсан юм бэ?

 -Миний хувьд нэг том болгоомжлол байна. Ардчиллын үнэт зүйл бол олонхидоо хяналт тавих цөөнхтэй байх юм. Үүнийг л бид бий болгохын тулд 1990 онд хувьсгал хийсэн юм шүү дээ. Дээрээ төр засаг, нам нь нэгдчихсэн битүү байж болохгүй. Бүх шийдвэрээ нэг байшин дотор гаргахдаа өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ард түмний эрх ашгийг орхигдуулах нь жам ёсны зүйл байхад нь бид хувьсгал хийж байлаа. Ардчилсан хувьсгалын төлөө олон хүн хүйтэнд хөрч, халуунд халж тэмцсэн.

Өнөөдөр эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед парламентын намууд хамтран ажиллаж байгаа нь зөв. Ер нь хамтрахад нэг нам нь 70 гаруй суудал аваад парламент нь ямар ч хяналтгүй, хэнд ч хэрэггүй  болдог ийм үр дүнг хүсээгүй. Өнөөдрийн нөхцөл байдал яг л тэгж харагдаж байна. Улсын төсвөө хэлэлцэж байхад нэг ч сайд чуулганд суусангүй. Би Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа хурлаас чөлөө авах зүйл байсан.

Гэхдээ төсөв, салбар хариуцсан зүйлс хэлэлцэгдэхэд заавал суудаг байсан юм шүү. Өөрөөр хэлбэл парламент Засгийн газар байгуулагдсаны маргаашнаас хэнд ч хэрэггүй болж байна. Үүнд л харамсаад байгаа юм. Хамгийн гол нь ардчиллын зарчим алдагдах гээд байгаа юм. Засгийн газрыг огцруулан шинэ Засгийн газрыг байгууллаа. Парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг баймаар байна.

Уг нь парламент нь засагтаа хяналт тавья гээд байсан биз дээ. Гэтэл тэр зүйл нь алга болчихлоо. Парламентад сууж байгаа гишүүд ч алга. Өнөөдөр (баасан гаригт) 20 гишүүнтэй л чуулган явж байна. Засгийн газраас нь нэг ч гишүүн орж ирэхгүй байгааг хараад эмзэглэж байна. Сайд нар нь ядаж долоо хоног, нэг сар тэвчээд чуулгандаа сууж чадахгүй байна гэдэг чинь үнэн нүүр царайг нь харуулаад байгаа юм. Ардчиллын төлөө анхнаас нь тэмцэж, жагсаал цуглаанд нь оролцож явсан хүний хувьд маш их санаа зовж байна. Энэ байдлаа цаашид өөрчлөхгүй бол дуугүй суугаад байх боломж алга.

-Өмнөх Засгийн газарт таныг ажиллаж байхад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэсэн шүүмжлэл гарч, Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. Энэ Засгийн газарт давхар дээлтэн тэр дундаа танай намаас олон хүн байх юм?

-АН 35-уулаа. Өмнөх Засгийн газарт 15 нь Засгийн газрын сайд байсан. Засгийн газрын гишүүдийн тал нь гаднаас орж ирсэн. Одоо хэрхэн ажиллахыг л харъя. Угтаа энэ чинь тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг л маргаан юм шүү дээ. Засгийн газрын гишүүн гэхээрээ заавал гудамжнаас орж ирдэг байх ёстой юу.

Ард түмнээсээ мандат авч үзээгүй, монголчуудын голсон хүн сайд болоод Засагт орж ирээд дээд эрх хэрэгжүүлээд явах нь зөв үү. Үүнийг бас бодолцмоор л байгаа юм. Ард түмэн төрийн эрхээ өгч байна гэдэг чинь Засгийн эрхээ давхар өгч байна гэсэн үг юм шүү дээ. Дэлхийн аль ч улс орон үүнийг өөр өөрсдийнхөөрөө олон зуун жилээр төрийн тогтолцоогоо шийдээд явчихсан. Бид ч гэсэн Үндсэн хуулиараа шийдээд явчих бололцоотой.

-Энэ Засгийн газар ч мөн ялгаагүй данхайсан бүтэцтэй боллоо. Байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Олон нам хамтарч байгаа үед яам, сайд нарын тоо нэмэгдэх тал руугаа явдаг. Тэр тал руугаа л явчихлаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд тооны их бага гэхээсээ илүүтэйгээр төрийнхөө үүрэг функцэд шинэчлэл хийх хэрэгтэй. Төр нь ард түмэндээ хэрэгтэй ажил хийгээд явахад хэдэн яам, сайд нэмэгдэж хасагдах нь төрийн том зовлон биш.

Биднээр завсрын зүйлс хөөцөлдүүлээд байна. Ард түмний амьдрал дээшилж байвал 40 яамтай байсан ч яахав дээ. Люксембург гээд жижиг улс бараг 40 яамтай. Гэтэл дэлхийн том гүрэн АНУ гэхэд 10 гаруйхан яамтай гээд асуудлыг зөв талаас нь үр дүнтэй явуулахад анхааран шахаж ажиллуулах ёстой. Засгийн газарт парламентад суудалтай бүх намын төлөөлөл орлоо. Хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна.

-Шийдлийн гэгдээд буй Засгийн газар олон хүндрэл бэрхшээлийн ард гарч чадах нь уу?

-Шийдлийн Засгийн газар бүх зүйлийг шийдээд явах боломж байхгүй. Өнөөдөр парламентад суудалтай бүх намууд нэгдчихлээ. Тиймээс өмнө нь шийдэж чаддаггүй байсан асуудлуудаа шийдээд явчих боломж бүрдлээ. Ингээд шийдээд явж чадвал зөв алхам болно.

-Намууд бүгд хамтраад сөрөг хүчин байхгүй болчихлоо. Таны чуулган дээр хэлсэн үгийг сонсч байхад цаашид сөрөг хүчний байр сууринаас ажиллах юм байна гэсэн ойлголтыг авлаа. Үнэхээр тэгж явах юм уу?

-Яг ч сөрөг хүчин болно гэж хэлээгүй л дээ. Засагт хяналт тавихын тулд дуу хоолойгоо өргөнө. Өнөөдөр ард түмэн сөрөг хүчин болчихоод байна. Тэгэхээр тэр дуу хоолойг бид хүргэх ёстой. Ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой. Хамтарсан засаг ажлаа хийх бүх бололцоо байна. Түүнийгээ хий, Их хуралдаа тайлагна, хянуул. УИХ-тайгаа амьд холбоотой бай гэж байгаа юм.

-Таны үгийг сонсч байхад өөрөө засагт ажиллаж байхдаа хэлж байгаагүй үгээ сул гишүүн болсныхоо дараа хэлж байгаа нь ямар учиртай юм бол гэж бодогдоход хүргэлээ?

-Энэ парламент миний сонгогдсон дөрөв дэх Их хурал. Өмнө нь би сул гишүүн явсан. Давхар дээлтэй ч явж ирлээ. Гадаад харилцаа хариуцаж байхад бүх асуудал руу ороод явах цаг зав байсангүй. Өнөөдөр би Их хурлын гишүүнийхээ ажлыг хийж байна. Их хурлын гишүүн ард түмний хүсч, захиж байгаа үгийг төрийн сонорт хүргэх, түүнийгээ ажил хэрэг болгох, хэрэгжилтэд нь хяналт тавих үндсэн үүрэгтэй. Сайдын ажлаа өгснөөр энэ зарчмаар ажиллах боломж илүү бүрдлээ.

-Өмнөх Их хурал Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна гэдгийг гишүүд шүүмжилж байсан. Энэ Засгийн газар хяналттай явж чадах уу?

 -Өмнөх Засгийн газарт Их хурал нь хяналтаа тавьж чадаж байсан гэж бодож байгаа. Чуулганы хуралдаандаа анхааралтай маш дуулгавартай оролцдог байлаа. Тэр хяналтууд надад маш сайн мэдрэгдэж байсан юм. Монгол төрийн ажил ойлголцож явах ёстой.

 -Засгийн газрын зарим сайд нарын томилгоо нүдээ олсонгүй гэх яриа байна. Та санал нийлж байна уу?

-Сайд болсон хүмүүс Монголын төрд олон ажил явсан болохоор янз бүрийн л мэдээлэл гарч байна. Хүн бүр өөр өөрийн гэсэн бодолтой. Цаг хугацаа харуулна. Гэхдээ цаг хугацаа харуулна гээд хэдэн жилээр хүлээж болохгүй. Их хурал ажлыг нь хийлгээд явах нь зөв. Энэ Засгийн газар үлдсэн хугацаандаа яаж, ямар ажил хийгээд явах нь одоо хэр нь бүрхэг л байна. Сайдууд юу хийж чадах вэ гэдгээ харуулж ажиллах байхаа.

Шинэ Гадаад хэргийн сайд томилогдлоо. Т а ямархуу бодолтой яваа вэ. Уулзаж ярилцав уу. Зарим гишүүдийн зүгээс Беларусьт Монголын нэрийг унагасан хүн гээд ам муутай байх юм?

-Бид хараахан уулзаж амжаагүй байна. Ажил нь цэгцэрвэл уулзаж хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар ярилцан захиж хэлэх зүйлс мэдээж бий. Би Их хурал, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороондоо байна. Тиймээс төрийнхөө ажилд хяналт тавиад, бүх талаар нь тусалж дэмжээд явна. Шинэ яамны сайд маань өмнө нь Ерөнхийлөгчийн тамгын газар, Их хурал, Засгийн газарт олон жил хамт ажилласан болохоор салбараа мэдэж байгаа. Цаашид яамаа аваад явчих байх гэдэгт итгэж байна.

-Таныг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлал болсон. Маш олон гэрээнд гарын үсэг зурж “Монголын эдийн засагт гэрэл гэгээ гарах нь” гэж байлаа. Үр дүн нь хэзээ гарах вэ?

-Өнгөрсөн 20 гаруй жил бид алдаа хийсэн юм билээ. Гадаад харилцаагаа эдийн засагжуулна гээд Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамд нь өөрсдөө бизнесийн төсөл бариад явсан. Энэ нь зорилгоо буруу ойлгож,  цаг алдсан талтай л даа. Намайг сайдаар ажилласан жилүүдэд сонгомол утгаараа улс төрийн Гадаад харилцааны яам болон ажилласан.

Ингээд явахаар цаанаа том ахиц өөрчлөлт гарсан. 10 гаруй жил хүлээгдсэн Хятад, Оросын асуудлууд шийдэгдэх суурь тавигдлаа. Одоо хүрсэн түвшнээ баталгаажуулан ажиллах ёстой. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал маргааш нь үр дүнгээ өгнө гэж байхгүй л дээ. Урт хугацаанд ирээдүйгээ харсан үр дүнтэй ажлууд хийгдсэн. Үүнийгээ явуулахын тулд Монголын төр засаг эрчимтэй ажиллах л шаардлагатай.

-Гадаад харилцааны яам гадны хөрөнгө оруулагчидтай хэр ойрхон ажилладаг юм бол. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулсан нь таны толгойлж байсан Гадаад харилцааны яамтай холбоотой юу?

-Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой л доо. Монгол Улсыг олон улсад идэвхтэй байр сууринд байлгаж нөхцөл байдлыг наашлуулах тал дээр хичээж ажиллалаа. Монголд томоохон хуралдаанууд болсон. АСЕМ ч хуралдахаар боллоо. Монгол Улсыг бүс нутаг болон дэлхий дахинд идэвхтэй тоглогч гэдгийг хүлээн зөвшөөрүүллээ. Сүүлийн хоёр жил өмнөх 10 жилээс илүүтэй томоохон айлчлалууд хийгдэж Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө.

Бүх орны улс төр эдийн засаг салшгүй холбоотой байдаг. Гадаад яам улс төр талаа янзалж чадсан. Энэ нь бизнестээ шууд нөлөөлж байна. Үр дүн нь удахгүй эерэгээр мэдэгдэнэ. Мөн эдийн засаг бизнесийг хариуцсан яамд нь ажлаа хийх хэрэгтэй л дээ. Хууль эрх зүйн орчноо тогтвортой болгож, хуулиа мөрдүүлж, хүнд суртлаа халах хэрэгтэй. Бизнесийг боомилсон, хяхсан хянасан, буруу өрсөлдөөнд дэмжсэн гэх мэтээр буруу шийдвэрүүдээ бүгдийг нь өөрчлөх шаардлагатай.

-Та сайд байхдаа олон улсын томоохон хурал болон айлчлалаар их явсан. Гадныхан Монголд хөрөнгө оруулах тал дээр ямар байр суурийг илэрхийлж байсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд нэлээд өөрчлөлтийг авч ирж чадсан. Манай Засгийн газар ч идэвхтэй ажилласан. Одоо ч гэсэн парламентаараа бүх намуудаараа нэгдэж байгаа нь гадны итгэлийг авах томоохон алхам гэж хэлж болно. Энэ проблемыг бид өөрсдөө л бий болгосон. Манай хуулийн нэг дутагдал нь хоёр жилд зөвхөн сонгууль л болдог. Сонгуулийн үеэр популизм, эдийн засгийн эсрэг алхмууд хийгддэг.

Байгалийнхаа баялгийг ард түмэнд хувьцаа болгоод өгчихөөч, ард түмэн өмчлөгч нь болчихвол өөрөө босоод ирнэ. Газраа эдийн засгийг эргэлтэд оруулахад иргэн бүрийг хамруулаач ээ гэж байнга хэлж ирсэн. Энэ том асуудлаа шийдэхгүй хойшлуулсаар байна. Гэтэл төрийн компани байгуулаад ашиггүй яваад л байдаг. Төр гэдэг нь юу юм. Ердөө л хэдэн хүн шүү дээ. Тэгээд л бие биенээ унагаад дараагийн хүн нь ирдэг. Ингэх бүрт бизнесийн орчин муудаад байгаа юм. Харин ард түмэн хэзээ ч өөрчлөгддөггүй байхгүй юу. Ард түмэн газрын баялгийнхаа өмчлөгч болчихвол хөрөнгө оруулалт ямар ч саадгүй орж ирнэ.

-Өнөөдөр Монголын ардчилал 25 нас хүрч ойгоо тэмдэглэж байна. Ард түмний хүсэн хүлээсэн ардчилал биш байна гэдэг зүйлийг ярих юм. Оюутан Л.Болдын хүсэн хүлээж байсан ардчилал өнөөдөр ямар дүр төрхтэй байна вэ?

-Ард түмний амьдрал хэцүү байгаа бол ардчилал гол зүйлсээ хэрэгжүүлээгүй байна. Ард түмний эрх чөлөө, улс төр, сонгуулийн ардчилал байна. Гэтэл бид иргэдийнхээ амьдралд өөрчлөлт гаргаж чадахгүй байгаа юм. Гуравхан сая хүнтэй улсынхаа иргэдийн амьдралыг сайхан болгож чадаагүй гэдэг чинь ардчилал ялаагүйн нэг дүр төрх л дөө. Ардчилал хөгжсөн бусад орнуудыг жишгийг хар л даа. Ард түмний амьдрал ахуй сайжирч, иргэд нь эрх чөлөөгөө эдэлдэг байх ёстой. Ардчиллын тал дээр учир дутагталтай, хийх зүйл их байнаа. Ардчилсан хувьсгап тэмцэл 25 дахь жилдээ үргэлжилж байгаа ч цаашид ч үргэлжлэх ёстой.

-Ардчилал 200 гаруй жил хөгжсөн орнуудад ардчилал өнөө хэр нь хөлөө олоогүй байна. Тиймээс Монголын ардчилал нялх байна гэдэгтэй санал нийлэх үү?

-100-ны дөрөвний нэг хугацаа гэдэг бол яасан ч нялх байж таарахгүй. Улстөр, эдийн засгийн шинэчлэл зэрэг хийгээд явчихаар үе үе нэгнийгээ татаад байх юм. Улс төр нь гайгүй яваад эхлэхээр эдийн засаг нь муудаад амжилтаас нь хойш татаад байна л даа. Эдийн засаг нь гайгүй сэргэчихээр улс төрийн процесс нь алдагдаад байгаа зүйл бий. Цаашид тогтолцоогоо зөв боловсронгуй болгох тал дээр ажиллах л ёстой.

25 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийхэд хамгийн гол үүрэгтэй оролцсон хэрнээ нэр нь дурдагддаггүй хүмүүс манай оюутнууд байсан юм шүү. Оюутнууд орсон хувьсгал аль ч оронд ялдаг. Оюутнууд ямар нэгэн албан тушаал, мөнгө, эрх мэдлийн төлөө байдаггүй. Оюутнууд нийгэм, ард түмнийхээ хүсэл зоригт нийцсэн хамгийн зөв зүйлийг дэмждэг. Тиймээс манай ардчилсан хувьсгал ялсан.

Түүнээс хойш зөндөө л хувьсгал хийх гээд оюутнууд дэмжихгүй байгаа биз. Тэр нь хэн нэгэнтэй өмч булаацалдсан, байр суурь, албан тушаал булаалдсан болохоор оюутнууд дэмжихгүй байгаа юм. Оюутнуудын ариун сэтгэлээр бүтсэн ардчиллыг бид өнөөдөр ажил хэрэг болгож чадаагүйд харамсалтай байна. Одоо үүнийгээ хийх ёстой. Бидэнд улс төрд идэвхтэй ажиллах нас хэд үлдсэнийг бүү мэд.

Анх ардчилсан хувьсгал хийж байсан бид тэтгэврийн насанд ойртчихлоо. Одоо бид нийгмийн өмнө байгаа том үүргээ биелүүлэх ёстой. Ард түмнийхээ өгсөн итгэлийг биелүүлэхийн төлөө явнаа.

-Ардчилсан нам партизануудаа харж үзэж байгаа юм уу. Нэг хэсэг нь хорвоогоос буцаж нөгөө хэсэг нь архинд орлоо л гэх юм...

-Том дутагдал бий нь үнэн. 25 жилийг бид зүгээр л хаячихсан байхгүй юу. Гэтэл тэр хүмүүсээ сургаж боловсруулаад тэр мундаг хүчийг ашигласан бол болох байсан. Энэ намуудын       хуультай холбоотой. Нам нь эрүүл болчих юм бол хүмүүсээ хаядаг биш ашигладаг болно.Тэр агуу хувьсгал хийсэг хүмүүс өшөө олон юм хийх боломжтой байхгүй юу.

Тэдний ашиглаж чадаагүйгээрээ манай нийгэм том боломжоо алдах байна. Хуучин нийгэм ардын хувьсгалын, ахмад дайчдаа ашиглаж нийгмийнхээ сэтгэл зүйг бэлдэн эв нэгдлийг бэхжүүлэхэд яасан сайхан ашиглав аа. Партизанууд гэдэг чинь тийм сайхан арми байхгүй юу. Түүнийг нь бид хийлгэлгүй урдуур нь орж цээжээ дэлдээд давхицгаасан. Нам гэдэг нь дандаа хуйвалдааны байгууллага болж тэндээ хуйвалдахаас өөр зүйл хийхгүй байна. Үүнд л гол асуудал байна.

-Ардчилсан нам дараагийн ардчилагчид, залуу, дунд үеэ гаргаж ирэх үнэхээр дургүй юм аа даа. Гэтэл МАН-ын дараагийн үе нь аль хэдийнэ Их хуралд суучихсан байна. Та болохоор үүнийг хуультай л холбоод байх юм...

-Гол шалтгаан нь намуудын тухай хуулинд байгаа юм. Уг хууль нь намуудыг хуйвалдааны байгууллага болгочихоод байна. Ингэхээр нийт ард түмний дэмжлэг байхгүй болох тул сайн лидер төрөх боломжгүй болчихлоо. Нам гэдэг чинь сайн лидер төрөх гал тогоо байхгүй юу. Гэтэл гал тогоогоо өөр зүйлд ашиглаад байна.