С.Бямбацогт: Заавал ийм бүтцээр ажиллана гэж эрх баригчид тулгасан
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.12.09

С.Бямбацогт: Заавал ийм бүтцээр ажиллана гэж эрх баригчид тулгасан

МАН-ынхан Шийдлийн гэх Засгийн газарт томоохон байр суурьтай ажиллахаар байна. Засаг толгойлж байгаа нь АН-ынхан мэт харагдаж байгаа ч шийдвэр гаргах, шийдлийг олоход МАН-ынхан голлох үүрэгтэй оролцохоор тохирчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой энэ талаар ярилцлаа.

-Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын бүтцээ өөрчилж 13 яамтай болгоход танай бүлгээс үүнээс ч цомхон байх ёстой гэж мэдэгдэж байсан. Гэвч та нар өөрсдөө засагт хамтрахдаа цомхон байхыг шаардах бус харин ч чимээгүй өнгөрч байх шиг байна. Шинэ Засгийн газрын бүтэц дээр ямар байр сурьтай байгаа вэ?

МАН эрх барьж байх үедээ ч, хамтарсан Засгийн газарт ажиллаж байх үедээ ч Засгийн газрын бүтцийг аль болох цомхон байхыг дэмжиж үүнийгээ хэрэгжүүлсээр ирсэн. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахдаа 19 гишүүнтэй байгуулагдсан. Бид үүнийг нь байнга шүүмжилж байсан, энэ байр суурин дээрээ саяхныг хүртэл байсан.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг болго гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Гэвч харамсалтай нь АН бид дангаараа улс орноо хөгжүүлж чадахгүй нь, бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан. Бид сандал ширээ бодоогүй харин өмнөх зарчмаа баримталж хамтарч ажиллах шийдвэр гаргасан.

Энэ үеэр хоёр намын ажлын хэсгүүд олон удаа уулзаж ярилцахад заавал энэ бүтцээр ажиллана гэсэн тулган шаардалт эрх баригчдаас ирсэн учраас Засгийн газрын энэ бүтэц дээр хамтарч ажиллахаар болж байгаа. Тэгэхээр энэ бол манай намын байр суурь биш. Нэгэнт Засгийн газарт хамтарч ажиллах гэж байгаа болохоор эрх баригчдын тавьж байгаа саналыг хүлээж авахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Гэхдээ бидний өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Үндсэн чиг үүргийн сайд нар парламентын дотроос байж болно, бусад сайд нар нь гаднаас байж болно.

-Намууд нэгэнт хамтарч байгаа учраас сайдад нэр дэвшигчдийг шууд дэмжиж таарах уу?

Сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг мэдээж УИХ-ын гишүүд дэмжих үгүйгээ илэрхийлнэ. МАН-ын бүлэг сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг 100 хувь үг хэлэхгүйгээр дэмжээрэй гэж хэлээгүй. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүндэтгэнэ.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдахаар дэд сайд болон агентлагийн дарга нарын халаа сэлгээ хийгдэх үү. Намынхаа хүнийг томилох гэж халаа хийх юм биш биз?

Дэд сайд нарыг сөөлжиж томилж таарах юм. Мэдээж УИХ дахь суудлын хувийг хадгалах ёстой гэдэг үндсэн зарчмаа барьж байгаа. Харин төрийн бусад албан хаагчдын хувьд бол Төрийн албан хаагчийн тухай хуулийг баримтална.

Энэ зардал маань хэвээр явж байгаа. 2012 оноос хойш энэ зардалд нэг ч төгрөг нэмэгдээгүй.

Хариуцлагагүй ажилласан, ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон зэрэг хариуцлага алдсан төрийн албан хаагчид хариуцлага тооцох нь нээлттэй. Хамтарч байгаа гэдэг нэрээр ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан хаагч, албан тушаалтнуудын толгойг илээд сууна гэсэн ойлголт байхгүй.

-2015 оны төсөвт УИХ-ын гишүүн бүрт 90 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед энэ мөнгөнөөс татгалзаж болоогүй юм болов уу. Үүнд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах, хууль боловсруулах, батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, гадаад томилгоо, унаа, утас, хэвлэл мэдээлэл зэрэг үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тодорхой зардал байдаг. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааны зардлыг хуулиар шийдэж өгдөг.

Энэ зардал маань хэвээр явж байгаа. 2012 оноос хойш энэ зардалд нэг ч төгрөг нэмэгдээгүй. Хямралтай үед гишүүд өөрсдийн төсөв зардлыг нэмэгдүүлчихсэн гэх ойлголт гарч байгаа бол энэ буруу. Ийм асуудал байхгүй. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүд орон байраар хангагдах зэрэг асуудал байдаг байсан. Үүнээс бид татгалзсан.

-Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Тендерийн хуулийн төслийг танай бүлгээс дэмжихгүй байхаар тохирсон гэх юм?

-Бүлгийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих шаардлагагүй гэж үзлээ. Ер нь шинэ Засгийн газар байгуулагдаж байгаа учраас бодлого, үйл ажиллагаандаа тодорхой өөрчлөлт оруулах ёстой.

Шинэ танхимын бодлого, үйл ажиллагаанд өмнөх Засгийн газрын энэ мэтчилэн өргөн барьсан хуулийн төслүүд нийцэх эсэхийг эргэж харах ёстой. Харин Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг дэмжинэ.

-Дэмжихгүй байх ямар шалтгаан байсан юм бэ?

Ийм учиртай. Нэгдүгээрт, энэ хуулийн төсөлд олон улсын тендер шалгаруулалтад баримталдаг ил тод, өрсөлдөх тэгш бо­ломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, ха­риуц­ла­гатай байх гэ­сэн таван зарчим алдагдсан.

Мөн тендерийн үнэлгээ, тендерийн хүчинтэй байх хугацааг 45 хоногоос 15 хоног болгож өөр­чил­сөн байна. 

Хоёр­дугаарт, улс төрийн албан хаагчид тен­дерийг өөрсдөө мэдэж шийдэхээр зохицуулалт хийсэн нь өмнөх хуулиар мэргэжлийн байгууллага байгуулж, эрх мэдэлтний оролцоог багасгах талаар баримтлах зарчмаас ухарсан. Гуравдугаарт, тус хуулийн төслөөр орон нутагт эрх шил­жүүлэх асуудал ихээхэн хумигдахаар байна.

Учир нь төсвийн ерөнхийлөн захирагч нар “хурдавчилсан арга”-ыг ашиглах замаар бүхий л асуудлыг яаман дээр шийдэх нөхцөлтэй болсон. Дөрөвдүгээрт, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн бо­лон орон нутгийн өм­чөөр бараа, ажил үйл­чилгээ худалдан авах хуу­лиар нээлттэй тендер хүлээн авах хугацаа 30 хоног байгаа бол шинэ хуулийн төслөөр 10-15 хоног байхаар тусгасан.

Мөн тендерийн үнэлгээ, тендерийн хүчинтэй байх хугацааг 45 хоногоос 15 хоног болгож өөр­чил­сөн байна. Энэхүү өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүдийн тендерт орж өрсөлдөх боломж ху­миг­дах, тэгш, шударга байдлыг алдагдуулах муу үр дагавартай гэдэг үндэслэлээр дэмжих шаард­­­­лагагүй. Эргүүлээд Засгийн газарт нь буцаах ёстой.

-Тендерийн тухай хуулийн төслөөр бол “Худалдан авах ажил­лагааны газар” татан буугдана гэсэн үг үү?

Ерөнхийдөө тиймэрхүү агуулга төсөлд байна лээ. Үүнийг бол бид дэмжихгүй байгаа.

-Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл авах­гүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой ямар үйлчилгээнүүд багтаж байгаа вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байна уу?

Өмнө нь УИХ-ын хуулиар биш Засгийн газрын гишүүн тушаал гаргаад, эсвэл Засгийн газрын хуралдаанаар маш олон тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлсээр байгаад өнөөдрийн байдлаар 1000 орчим болж, үүнийг УИХ-ын гишүүн болоод сайд, орон нутгийн Засаг дарга нар олгодог болсон байгаа.

Үүнийг бид 300 орчим болгох ёстой гэж үзэж байгаа. Ингэхдээ орон нутагт олгох тусгай зөвшөөрлийг энгийн, онцгой гэж ангилж байгаа. Гэхдээ аль болох иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх, ойлгомжтой байх, хэн нэгэн дур мэдэж тусгай зөвшөөрөл гар­гахгүй байх зэрэг зар­чимуудыг барьж ажил­лана. Зөвшөөрлийн хуу­лиас гадна Хөгжлийн бод­лого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг манай бүлэг дэмжинэ.

Монгол Улсаа хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлоготой болъё, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний хөгжлийн цогц бодлогоо бүх төвшинд биелүүлдэг болъё. Уулын оргилд яаж, хэзээ, хэн хүрэхээ тодорхой болгож уялдуулдаг болъё гэж бид ярьж хэлж байгаа. Энэ уялдаа алдагдсанаас хүн болгон харсан уулын оргил руугаа зүтгэдэг болж.

Ингэхдээ ямар арга замаар яаж хүрэхээ мэддэггүйгээс замын дунд будилдаг явдал ялангуяа шинэчлэлийн Засгийн газрын үед бий болсон. МАН 27 дугаар Их хурлаасаа хөгжлийн нэгдсэн бодлоготой болох шийдвэр гаргаж, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдэд уриалсан. Энэ ч утгаараа дэмжихээс өөр аргагүй.