О.Баасанхүү: Х.Тэмүүжин шорон барьсан байна
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг оффис биш зориулалтаар нь эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.
Энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг байрны үйл ажиллагаатай танилцсан аж. Тус барилгын А блокын гаражийн давхарт хүмүүсийг байцаах, хориход зориулсан өрөө зассан байсан гэдгийг мэдээлсэн тул уг давхартай танилцлаа. Биднийг очиход хоёр инженер, хоёр харуул угтсан бөгөөд тэдэнд учир байдлаа хэлж гаражийг үзэхээр доод давхарт очиход 4 тасалгаа бүх төмөр хаалгатай өрөөнүүд байв. Найман машины гаражийг ийнхүү өөрчилж, төмөр хаалга хийн тусгай байдлаар ашиглах зориулалттай барьсан аж. Энэ өрөөнүүдийн өөдөөс харгалзагчид хянаж байх зориулалт бүхий том, том цонхтой жижиг өрөөнүүдийг гаргасан байсан юм.
Барилгын ажилтай танилцсан О.Баасанхүү гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Уг барилгын гаражийг ингэж өөрчлөх ажлыг хэзээнээс эхэлсэн юм бол?
-Төрийн тусгай хамгаалалттай нэгдсэн эмнэлгийн зориулалттай байсан барилгыг 2012 онд хүүхдийн болон төрөх эмнэлгийн зориулалтаар ашиглая гэж миний хувьд санал гаргаж байсан. Үүнээс болж хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг өргөн барих талаар ч яригдаж байв. Гол нь энэ байшин 80 жилийн түүхтэй байж байгаад актлагдсан. Актлагдсаны дараа зориулалтыг нь УИХ дээр яриад эмнэлэг болгох шийдвэр гаргаж асар их хөрөнгө зарцуулсан.
Хамгийн сүүлд намайг УИХ-ын гишүүн болоод орж ирэхэд Их хурлын гишүүд төсвийн үлдэгдэл 4.5 тэрбумыг шийдэж байсан. Тэгэхээр төсвийн үлдэгдэл мөнгийг шийдэж өгнө гэдэг нь Төсвийн тухай хуулиар уг обьектийг зориулалтын дагуу зарцуул гэсэн үг. Харамсалтай нь энэ барилгын зориулалтыг өөрчлөе гээд Засгийн газрын тогтоол гарчихсан байсан.
зургийг shuud.mn
Гэтэл Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох ёстой гээд УИХ-ын 26 гишүүн тогтоолын төслийг өргөн барьж Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ тогтоол гацчихсан. Гэтэл чоно борооноор гэдэг шиг асуудал бүрэн шийдэгдээгүй байхад төсвийн хөрөнгийг дураараа авирлаж захиран зарцуулсан байна. Албан бус мэдээллээр ард талдаа гэхэд 3.5 тэрбум, урд талдаа 1.2 тэрбумыг эмнэлгийн байрыг өөрчлөхөд зарцуулсан байгаа юм. Ялангуяа энэ дотор шорон барьсан байна.
-Ер нь Хууль зүйн яамныхаа обьект дотроо саатуулах байр байгуулсан улс байдаг юм боловуу?
-Төрийн ордныхоо хажуу талд, хотын төвд шоронтой болж байгаад харамсч байна. Үүнийг буцаах ёстой. Нөгөө талаасаа төсвийн хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулсан зүйл байх юм бол хариуцлага үүрэх ёстой л гэж бодож байна.
-Таны хувьд энэ асуудлаар одоогийн Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжавтай уулзаж ярилцсан уу?
-Хууль зүйн одоогийн сайд Д.Дорлигжавтай би уулзсан. Д.Дорлигжав сайд бол яамны хувьд байшингаас байшингийн хооронд нүүгээд явах шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, манай Хууль зүйн яам энэ байранд орох шаардлага байхгүй. Хэрвээ хуулийн байгууллагын зориулалтаар ашиглах бол Дээд шүүх, Ерөнхий прокурор ордог ч юм уу гэж байсан.
-Уг нь төвлөрсөн шорон барина гээд байгаа биз дээ?
-Тэртээ тэргүй ШШГЕГ 1500 хүний нэгдсэн шорон байгуулна гээд байгаа. Тэгэхээр ШШГЕГ тийшээ нүүдэг юм байгаа биз. Эмнэлгийн байрны зориулалт гэдэг тусдаа стандарттай. Өөрөөр хэлбэл, тусгай инженерүүдийн оролцсон нарийн зураг төслийн хүрээнд барилга барьдаг. Энэ эмнэлгийг Японы жишиг эмнэлгийн зураг төслөөр барьсан. Монголд яг ийм эмнэлгийн зорриулалттай обьект барилга цөөхөн бий. 3, 1 дүгээр эмнэлгийн байрыг ч яг эмнэлгийн зориулалттай гэхэд хэцүү шүү дээ.
-Таны хувьд энэ асуудлыг цааш тавих уу?
-Асуудлыг цааш тавина. Хамгийн гол нь энд хүний эрх, татвар төлөгчдийн хөрөнгө яригдаж байна. Нөгөө талаар Мөрдөх албаны тухай хууль нь УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдаагүй байхад ийм өрөө барьсан нь буруу.