“Хүрээ” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орж, хүчин чадал 2 дахин нэмэгдэв
2025.02.04

“Хүрээ” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орж, хүчин чадал 2 дахин нэмэгдэв

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр өнөөдөр нээлтээ хийлээ.

Амаржих газрын нээлтэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан болон бусад сайд нар оролцов.

Барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсныг Сангийн сайд Б.Жавхлан тодотгов.

Үргэлжлүүлэн тэрбээр "Эрүүл мэндийн салбарт 2021-2024 онд  сүүлийн 10 жилийнхтэй дүйцэхүйц буюу 954 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүн эхнээсээ гарч байна.

Ингэснээр 66 жилийн дараа хуучнаар “Хоёрдугаар төрөх” эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар шинэ байртай болж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдээд байна.

Цаашид тус эмнэлэгт шаардлагатай өндөр технологи бүхий зарим тоног төхөөрөмжийн санхүүжилт болон хуучин барилгыг засах хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс яаралтай шийдвэрлэнэ" гэсэн юм.

Ташрамд дурдахад, 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж.