2025.03.27

С.Бямбацогт: Ажлаа хийдэггүй, тайлагнадаггүй, алга болдог гишүүдэд боломж олгосон хууль байж болохгүй

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүдийг яагаад иргэд сонгогчидтой уулзах, тайлангаа тавих бололцоог нь хаах гээд байна вэ. Уул нь иргэдтэйгээ уулзаж дүнгээ тавиулаад дахин сонгогдох эсэхээ мэдэрч, мэдрүүлж байж тэд шийдвэрээ гаргадаг. Юу хийснээ тайлагнадаггүй, ажилладаггүй, иргэдээ хуураад алга болдог байдлыг өөгшүүлсэн хууль болох гээд байна. Эрх мэдэл, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж Үндсэн хууль зөрчсөн, сонгуулийн эрх тэгш байдлыг хангахгүй байна гэсэн “малгайн дор” энэ асуудал орж иржээ. Нөгөө талаас нь харвал иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчих нь.  Тайлангаа тавьж, иргэдтэйгээ эргэх холбоотой ажилладаг, ажил хийдэг, эргээд уулзах нүүртэй гишүүдийн эрхийг хязгаарлаж, ажилладаггүй нөхдүүдэд боломж бий болгож өгөх гэж байна. Мөн иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах нь. Сонгогдох гээд очихдоо уулыг нурааж, усыг эргүүлнэ гэдэг. Нисдэг тэргээр мөнгө тарааж, малынх нь түүхий эдийг нугалж авъя гээд саналыг нь худалдаж авч мөнгө тараачихаад алга болдог, тойрог сольж худлаа яриад явдаг гишүүд бий.