“Ховд аймгийн Буянт сумын эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй байна”
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан газар тариалан, мал аж ахуй эрхлэн амьдарч буй 13 угсаатны өлгий нутаг Ховд аймгийн Буянт сумын иргэдтэй өнөөдөр уулзлаа.
Буянт сумын иргэдийн зүгээс газрын ховор элементийн Халзан бүргэдэй ордыг ашиглахгүй байх талаар санал хүсэлтээ илэрхийлж байна. Төр ард иргэд нь дэмжихгүй байгаа ямар ч төслийг хэрэгжүүлэх боломжгүй. Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа бол юун түрүүнд тухайн орон нутгийн иргэдтэй ойлголцож, тэдний саналыг авах ёстой гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байна гэдгээ Д.Амарбаясгалан дарга хэлэв.
Сумын Эрүүл мэндийн төвийн барилга 44 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаар олон иргэн хэллээ. Тиймээс Эрүүл мэндийн төвийн барилга, сургуулийн спорт заалны асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Өөрөөр хэлбэл сумандаа амьдрах таатай орчинг бүрдүүлж байж хүн амын төвлөрлийг бий болгох учраас хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлнэ.
Тэрбээр “Иргэдийн хувьд үйл ажиллагаа эрхлэхэд татварын дарамт хүндрэлтэй байгааг иргэд хэлж байна. УИХ-аас Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг татварын орчныг иргэн, жижиг, дунд аж ахуй нэгжийг хөгжих, үйл ажиллагаагаа тэлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна” гэдгээ мэдэгдэв.