Европын охидууд Лалын зэвсэгт бүлэглэлд элсдэгийн учир
Европт төрж өссөн лалын шашинт олон эмэгтэй Лалын зэвсэгт бүлэглэлд олноор элсэх болов.
2014.10.29

Европын охидууд Лалын зэвсэгт бүлэглэлд элсдэгийн учир

Охидууд бол Европын соёлын хүндийн төв. Тэдний сонирхолд үндэслэж барууны “зөөлөн хүч”-ний гол элемент болсон поп соёл хөгжиж иржээ. Компьютер, гар утасны технологийн хүчээр охидын амьдралын хэв маягт зориулсан олон нийтийн соёлын бүтээгдэхүүнийг сая саяаар нь хувилан тарааж байна. Охидын ертөнцийг аюулгүй болгож, тэдэнд өөрийн сонголтоор сурч боловсрох, ажиллах, гэрлэх эрх чөлөөг өгсөн нь Барууны соёл иргэншлийн нэг том ололт болой. Хэрэв охидууд One Direction-ий оронд Лалын зэвсэгт бүлэглэлийг илүүд үзээд эхлэвэл Барууны соёл ялагдал хүлээлээ гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтон дахь Ойрхи Дорнодын орнуудын Институтийн явуулсан санал асуулгаас харахад Лалын зэвсэгт бүлэг Европт багагүй дэмжигчидтэй гэдэг нь илрэв. Судалгааны дүнгээр египтчүүдийн дөнгөж 3%, саудын арабуудын 5%, ливанчуудын нэг хүрэхгүй хувь зэвсэгт бүлэглэлийн талаар “эерэг сэтгэгдэлтэй” байна. Гэтэл Британий хувьд уг үзүүлэлт 7 хувьтай, францууд 16 хувьтай байна. Ерөнхийдөө санал асуулгад оролцсон 18-24 насны француудын 27 хувь нь Лалын зэвсэгт бүлэглэлийг сайшаасан хандлагатай байна.

Ийм үр дүн гарсанд гайхах зүйлгүй. Европт амьдрагч олон мянган лалын шашинт залуус Лалын зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Абу Бакру аль-Багдади (Abu Bakr al-Baghdadi)-д лалын халифатын улсыг байгуулахад нь туслахаар гэр орноо орхин Ойрхи Дорнодыг зорьжээ. Тэдний араас үхэхэд бэлэн, түүгээр зогсохгүй хүн алахад бэлэн олон залуу хүн явах болно.

Өөр нэгэн зүйл бүр ч гайхал төрүүлж байна. Лалын зэвсэгт бүлэглэл Европын залуус төдийгүй, хүүхнүүдийг өөртөө татаж байна. Олон зуун залуу эмэгтэй тус бүлэглэлийн гишүүдтэй гэрлэхийн тулд Ирак, Сири лүү явжээ. Мэдээж тэдний ихэнх нь хожим хийсэн сонголтондоо харамсана. Охидууд яагаад тийм харгис эрчүүдийг сонгох болов. Яагаад гэвэл Барууны ертөнц тэдэнд хэтэрхий унхиагүй, зориг зүрхгүй хүмүүсээр дүүрсэн юм шиг санагддаг. Тэдэнд зорилгодоо хүрэхийн тулд үхэхээс ч буцахгүй, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй эрчүүд хэрэгтэй. Яагаад Европын лалын шашинтнууд хөгжингүй орны уйтгартай ч гэсэн элбэг хангалуун амьдралын оронд цөлийн элсэн дунд амь үрэгдэхийг хүсдэг болов?

Франц болон Их Британиас гэрээ орхин Сирид ирсэн лалын шашинт эдгээр охидууд Исламын зэвсэгт бүлэглэлийн нэгэн хэсэг болжээ.

Яагаад гэвэл Европын соёл иргэншилд нийгмийн хамгааллын тогтолцоо өндөр түвшинд хөгжсөн, хүмүүсийн амьдрал материаллаг баялагаар дутахгүй байгаа ч хүн гэдэг амьтны өөр нэгэн чухал зүйл болох амьдралын утга учрыг гээчийг өгч чадахаа больжээ. Үүний үр дүнд Европын залуу лалын шашинтнууд Сири, Иракт дайтахын тулд Мальма, Марсель, эсвэл Манчестерийн хөнгөн хялбар амьдралаа орхиж байна. Европыханд амьдралаа зориулчихаар, эсвэл амиа золиослохоор үнэт зүйлс гэж алга болжээ. Эдгээр залуус Европын еврейчүүд амьдралын утга учраа олохоор Израйлийг зорьдогтой адил шалтгаанаар Европыг орхидог.

Европын нууц албад Европын паспорттай хэт даврагсад буцаж ирээд нийгэмд аюул учруулах вий хэмээн болгоомжилж байна. Учир нь өнгөрсөн тавдугаар сард Францын иргэн Мехди Неммуше (Mehdi Nemmouche) Брюсселийн музейд дөрвийн зэрэг хүнийг хороосон юм.

Дээрх охидын бригад нь «Аль-Ханса» нэртэй бөгөөд түүний толгойлогч нь 20 настай бүсгүй Акса Махмуд юм. Тэрээр өнгөрсөн жил зэвсэгт бүлэгт нэгдэхийн тулд Шотландын Глазго хот дахь гэрээ орхижээ.

Гэхдээ Европын орнуудын эрх баригчид нэг зүйлийг мартдаг. Буудаж сурахын тулд заавал Сири юмуу Ирак руу явах шаардлагагүй. Түүнчлэн еврейчүүдийг үзэн ядахын тулд заавал Ойрхи Дорнод руу явах хэрэггүй. Асуудлын гол нь Европын лалын шашинтнууд Ойрхи Дорнодоос ирэх бус Европоос явж буйд байгаа юм. Баруун Европт амьдардаг, лалын зэвсэгт бүлэглэлийг дэмждэг хүмүүсийн хувьд эрт дээр үед мөхөж түүхийн хуудаснаас арчигдсан Халифатын их улсыг байгуулах санаа нь тэдний амьдралыг хэдийгээр хүмүүнлэг бус ч гэсэн ямар нэгэн утга учир, зорилготой болгож байна.

Лалын зэвсэгт бүлэглэлийн харгис алхмууд Барууны орнуудын ёс суртахууны хэмжүүрээр, тэр байтугай “Аль-Кайда”-гийн хэмжүүрээр “арай л хэтэрхий” байгаа. Гэхдээ Ойрхи Дорнодын орнуудын хувьд хүний толгойг цавчих, цовдлох зэрэг нь тийм ч аймшигтай хэрэг биш. Учир нь АНУ-ын холбоотон болох Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын төв талбайд гэмт хэрэгтнийг олны нүдэн дээр толгойг нь авдаг, харин Америкийн шинэхэн найз, Обамагийн тэгтлээ магтаад байгаа Иран улсад буруутныг ялыг нь уншсан даруйд барилгын кранаас дүүжилдэг байх жишээтэй.

Мэдээж лалын бүлэг хамгийн тэнэг, харгис үзэл суртлыг дэвшүүлсэн. Гэхдээ чухам тэдний үзэл санаа Холливудын олон мянган кинонд гардаг. Зөвхөн кинонд дүрсэлсэн энэ үзэл суртал зэвсэгт бүлгийнхний санаачлагаар бодит амьдрал болов. Ерөнхий дүр зургийг аваад үзвэл орчин үеийн ертөнцөд тэнэглэл, бүдүүлэг, харгис ёс илүү тархжээ. Сайн санааны хамгаалагчид үүний эсрэг юу ч хийж чадахгүйд хүрэв.

Лондонгийн уугуул иргэн 25 настай Хадиджа Даре өөрийн твиттер хуудсандаа Англиас ирж зэвсэгт бүлэглэлд нэгдсэн охидууд дотроос хамгийн түрүүнд зандалчин эмэгтэй болохыг хүсч буй тухайгаа бичжээ.

Владимир Путин Европыг өөрийн захиалсан хөгжмийн дор бүжиглүүлж чаддаг. Тэр хүссэн үедээ хөгжмийг унтрааж чадна. Орос улс Украйны нутаг дэвсгэрт хичнээн гүн орлоо ч АНУ түүнийг зогсоож чадахгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Обама Иран улс цөмийн зэвсэггүй болно гэж хэлсэн. Тэгсэн атлаа Цагаан Ордныхон тодорхой хэмжээгээр уран баяжуулах эрхийг нь хүлээн зөвшөөрсөн, харин одоо Тегеран одоо байгаагаасаа ч том цөмийн байгууламжтай болоход зөвшөөрөхөд бэлэн байна. Израйль улс ХАМАС-ын бүлэглэлийг 40 өдрийн дотор бут цохисон. Гэтэл АНУ тэргүүтэй барууны орнууд донор орнуудын чуулган хуралдуулж ХАМАС-ын Газын Зурваст учруулсан гэмийг цайруулж орхив. Яагаад? Яагаад гэвэл тэдэнд алан хядагчидтай тэмцэх чин хүсэл зориг дутаж байна. Үүний оронд дайснаа хахуульдах замыг сонгодог.

Европын залуучууд барууны соёл иргэншлийн уйтгартай, зогсонги байдалд урам нь хугарах болов. Тэдэнд амьдралаа зориулчихаар үнэт зүйлс, сэтгэл зүрхийг нь эзэмдсэн итгэл үнэмшил гэх юм алга. Чухам яагаад Европын лалын шашинтнууд өвгөн тивийн эсрэг зогсох болсон шалтгаан нь энэ юм.