Исламын бүлэглэл Эболо вирусыг үхлийн зэвсэг болгон ашиглахыг оролдож байна
Исламын бүлэг ойрын үед Эбологоор өөрийгөө тарьсан амиа золиослогчдыг харуулсан дүрс бичлэгийг цацаж магадгүй аж.
2014.10.22

Исламын бүлэглэл Эболо вирусыг үхлийн зэвсэг болгон ашиглахыг оролдож байна

Исламын улс хэмээх Барууны энэ удаагийн дайсан өмнөхүүдээ хамгийн адтай нь байхаар байна. Тэд өөрийн зорилгодоо цахим сүлжээг ашиглаж, олон хотыг эрхэндээ оруулах чадвартай. Барууны орнуудын тагнуулын албад лалын бүлгийнхний дараагийн алхмыг урьдчилан тооцоолохдоо Эболо вирусыг үхлийн зэвсэг болгон ашиглаж магадгүй гэж таамаглаж байна.

Олон улсын тусгай албаны шинжээчдийн үзэж буйгаар Исламын бүлэг ойрын үед Эбологоор өөрийгөө тарьсан амиа золиослогчдыг харуулсан дүрс бичлэгийг цацаж магадгүй аж. Улмаар тэд цэнгэлдэх хүрээлэн, худалдааны төв, музей зэрэг олон нийтийн газар явж буй Эбологийн халдвартай амиа золиослогчдын бичлэгийг цацах боломжтой.

Энэ шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт Европын улсуудын Засгийн газрууд дээрх аюул тулгарахад хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг боловсруулсан байна.

Исламын бүлэглэл вирусыг зэвсэг болгон ашиглаж магадгүй гэсэн болгоомжлолыг Африкт ажиллаж буй олон улсын эрүүл мэндийн тусгай албаны ажилтнууд дамжуулжээ. Тэд сарын өмнө Сьерро-Леон улсад Эболотой хүмүүсийг эмчилж байхдаа Исламын бүлэглэлийн гишүүдтэй халз тулжээ. Дээрэмчид тэндхийн нэгэн эмнэлгийн эмч нарыг барьцаалж Эболо вирусын талаар байцаасан байна. Тэд эмч нараас Эбологийн халдвар яаж авах, халдвартай цусыг бактериологийн бөмбөг болгон ашиглаж болох эсэх талаар асуужээ.

Исламын бүлэгт биологийн зэвсэг бэлдэх судалгаа, төлөвлөгөө бий.

Тагнуулын албад есөн сарын турш Исламын бүлэглэлийн “вирустэй нөхөрлөх” оролдлогыг баталсан баримтуудыг цуглуулж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага ч энэ тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Нууц албаны шинжээчдийн үзэж буйгаар Исламын бүлэглэлийн дайчид вирустэй холбогдсон байх магадлал маш өндөр аж.

Исламын бүлэглэлийнхний Эболотой ойртох оролдлогыг баталсан анхны нотолгоог энэ оны нэгдүгээр сард Иблид нэртэй Сири болон Турк улсын хил орчмын газраас олжээ. Дээрэмчдийн лагераас Тунисаас Сири лүү ирсэн 3000 дайчдын нэгнийх нь ноутбук олджээ. Тэр ноутбүкэнд Исламын бүлэглэлийнхний номлол, дайны ажиллагаа явуулах аргачлал, нуун далдлах арга техник, түүнчлэн вирус ашигласан биологийн зэвсэг бэлдэх талаар материалууд байв.

Түүнээс гадна наймдугаар сард өөр нэгэн компьютер олдсон байна. Уг компьютероос тахал хэрхэн тараах, биологийн зэвсэг яаж бэлдэх талаар цогц судалгаа, аргачлал агуулсан бичиг баримтууд илэрчээ.