Үхэж ханадаггүй долоон голтой Ким Чен Ын
Ким Чен Ын. Гэрэл зургийг Reuters
2014.10.20

Үхэж ханадаггүй долоон голтой Ким Чен Ын

Хойд Солонгосын лидер Ким Чен Ын 40 хоногийн турш олны нүднээс далд байх хугацаанд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний яагаад алга болсон талаархи төрөл бүрийн таамаг дэвшүүлэв. Ким Чен Ыныг нэг бол цус харвуулан тэнгэрт халиаж, нэг бол цэргийн эргэлтээр алуулсан болгож, тэр байтугай Щвейцар бяслаганд хэтэрхий шунаснаас чад хийсэн ч гэж цуурав. Харин Ким эдгээр цуурхлыг нэг мөсөн няцааж жаахан хазгар ч гэсэн дахин олны өмнө гарч ирэв. Хэвлэлийнхэн Хойд Солонгосын удирдагчдыг амьд ангайж, мэнд мэлтийж байхад нь оршуулж байсан удаа цөөнгүй.

Ер нь уншигчид Хойд Солонгосын талаархи мэдээлэлтэй тулгарахдаа дараах хоёр чухал зүйлийг санах хэрэгтэй юм. Нэгдүгээрт Хойд Солонгос бол хаалттай, уламжлалын хувьд этгээд санагддаг улс. Хоёрдугаарт Хойд Солонгосын эсрэг идэвхтэй сөрөг ухуулга явуулдаг дайсан, дайсан биш юмаа гэхэд дургүй нөхдүүд олон гэдгийг ойлгох хэрэгтэй. Хойд Солонгостой холбоотой ихэнх мэдээллүүд нь цуурхал буюу “мэдээний нугаснууд” байдаг. Уншигчид өөрсдөө сенсацитай мэдээнд дуртай байдаг хойно яая гэхэв. Хүмүүсийн тархинд суусан муу муухайн улс гүрний дүр төрх тэртэй тэргүй хүчтэй нөлөө үзүүлдэг.

Уншигчид гэнэн байдаг гэдгийн баталгаа болгож зарим нэг түүхийг дурьдая. Хятадын нэгэн сайтын шог сэтгүүлч мэдээний нугас нисгэснээс болж Ким Чен Ын авга ах Чан Сон Тхэкагаа нохойнд идүүлэн цаазалсан болгов. Түүнчлэн нэгэн алдартай дуучин бүсгүй Католик шүтэж, порно кинонд зургаа авахуулснаас болж цаазлуулсан гээд цуурч орхитол хагас жилийн дараа эфирээр “амилаад” гараад ирэх жишээтэй. Энэ мэтийн нугас бараг сар болгон гардаг.

Мэдээж Хойд Солонгос шиг төрийн дэглэмтэй улсад удирдагчийн мөрөн дээр тун хүнд ачаа ирдэг бөгөөд хэрэв удирдагч томоохон арга хэмжээн дээр үзэгдэхээ боливол энэ нь цуурхал тарах хөрс болдог. Түүнээс гадна авторитар тогтолцоо хариуцлагыг нэг хүн дээр төвлөрүүлдэг учраас удирдагчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Тиймдээ ч  Ким Ир Сен, Ким Чен Ир нар ажил ажил гэсээр яваад “шатаж дуусан”. Тиймээс удирдагчийн ажлаасаа түр холдсоныг хүндрүүлж тайлбарлах нь оновчгүй.

"Дахин амилсан" Ким Чен Ын. 2014.10.14

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд Ким Ин Ыны бие базаахгүй байгаа ч ажлаа хийж байгаа хэмээн мэдээлж байв. Гэхдээ ул суурьтай тайлбарыг ойшоож уншдаггүй, сенсацид дуртай хүмүүсийн хувьд Ким Чен Ын зүгээр нэг өвчлөх нь хангалтгүй. Заавал “үхүүлж” байж санаа нь амардаг.

Кимийн чухам юу нь өвдсөн юм бол? Өвчний хэв маяг нь дураараа оношлогчдын улс төрийн сонирхлоос хамаараад янз янз. Зарим нь Щвейцар бяслаг хэтэрхий их идсэнээс болж таргалсан тухай ярих дуртай. Эцэг Ким Чен Ирийг ч мөн ингэж “гүтгэсэн” удаа бий. Гэхдээ бяслагнаас бус “Хеннеси” коньякаас болж. Хүмүүс ингэж ярьдагт гайхах зүйлгүй. Учир нь өлсөж буй ард түмний тарган удирдагчийн дүр бол сөрөг ухуулгын хамгийн тохиромжтой сэдэв.

Учир мэдэх хүмүүс Ким Чен Ын удирдагч болохоосоо өмнө ч чихэрийн шижэнтэй байсан гэдгийг хэлээд өгнө. Эцэг нь ч гэсэн ийм өвчтэй байсан бөгөөд тусгай гутал өмсдөг байсан. Гэтэл энэ гутал сөрөг ухуулагчдын өгөөш болж Ким Чен Ирийг намхан учраас өндөр өсгийт өмсдөг гэж тайлбарладаг байв.  Өнөөгийн удирдагч ч гэсэн эцгийнхээ өвчнийг өвлөж авсан байх магадлалтай бөгөөд тийм ч хурдан эмчлэгдэхгүй.

Ер нь Хойд Солонгосын талаархи мэдээлэл ямар эх сурвалжаас эхтэйг анхаарах хэрэгтэй юм. Хойд Солонгост төрийн эргэлт гарсан тухай шувуу нисгэсэн хүн бол өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байсан, эдүгээ Васэда их сургуулийн багш Тосимицу Сигемура юм. Тосимицу 2003 онд Ким Чен Ир үхсэн, адилхан царайтай хүн төрийн эрхийг авсан хэмээж багагүй шуугиулсан. Түүнчлэн Ким Ир Сений 100 жилийн ойд зориулсан барилгын ажилд оюутнуудыг дайчилсан мэдээллийг оюутны бослого болгон мушгиж үзсэн. Энэ удаа ч гэсэн Тосимицу Ким Чен Ыныг төрийн эргэлтээр “буулгаж авахыг” оролдсон нь энэ юм. Хэдийгээр түүний “гайхалтай таамгуудыг” академик хүрээнийхэн хүлээж авдаггүй ч шар хэвлэлийнхэн уухайн тас шүүрэн авдаг.

Ким Чен Ир хэд хэдэн удаа сонины нүүрэн дээр “амьдаараа оршуулагдаж”, төрийн эргэлтээр эрх мэдлээ алдаж байв.

Өөр нэгэн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур бол Хойд Солонгосын дүрвэгч Чан Чжин Сон юм. Тэр голдуу “Умардын аймшигт” амьдралын талаар ярьдаг. Тухайн нөхцөл байдлаас хамаараад өөрийгөө нэг бол Хойд Солонгосын тусгай албаны офицер, нэг бол суртал ухуулгын мэргэжилтэн, эсвэл бүр талийгаач Ким Чен Ирийн хайртай яруу найрагч нь байсан гэж ярьдаг. Чухам Чаны санаачлагаар Хойд Солонгост Гитлерийн “Миний тэмцэл”-ийг заавал уншдаг ном болгосон тухай цуурхал дэгджээ. Эцэст нь түүнийг дэмждэг АНУ хүртэл түүний үндэслэсэн ТББ-г санхүүжүүлэхээс татгалзав.

Ким Чен Ир хэд хэдэн удаа сонины нүүрэн дээр “амьдаараа оршуулагдаж”, төрийн эргэлтээр эрх мэдлээ алдаж  байв. Энэ мэдээлэл голдуу нэр нь үл мэдэгдэх, эсвэл эргэлзээтэй нэр хүнд бүхий эх сурвалжуудаас эхтэй байв.

Харин ул суурьтай шинжээчид болон томоохон сонинууд Хойд Солонгостой холбоотой сенсацилаг мэдээллийг үнэн мэтээр хүлээж авах хэрэггүй гэдгийг онцолдог. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөллүүд ч гэсэн Ким Чен Ын нэрийг нь нууцалсан өвчнөөр өвдсөн, эмчлүүлж байгаа гэсэн байр суурь дээр байсан.

Мэргэжилтнүүдийн хувьд Хойд Солонгостой холбоотой асуудлыг авч үзэхдээ нөхцөл байдлыг алсуур харж, яарсан дүгнэлт хийхгүй, элдвийн сөрөг ухуулгын бай болохгүй байх нь чухал юм.