"Мансуурахын төлөө за гэж хэлье"
Эдүгээ АНУ-ын 23 мужид, түүнчлэн Вашингтонд марихуаныг эмчилгээ болон алжаал тайлах хэлбэрээр хэрэглэж болох хуультай.
2014.10.10

"Мансуурахын төлөө за гэж хэлье"

АНУ-д Мансууруулах өвсний хууль ёсны хэрэглээг дэмжигчид ээлжит ялалтаа байгуулав. Беркли хотод марихуаны бизнес эрхлэгчид өөрийн барааны хоёроос доошгүй хувийг ядуучуудад үнэгүй өгөх ёстой гэсэн хууль батлагдав. Хуулийг санаачлагчид ядуучууд ч гэсэн каннабис (олон оронд хориглодог сэтгэл зүйд нөлөөлөх марихуаны төрлийн ургамал) татаж алжаалаа тайлах эрхтэй хэмээн үзэж байна. Хууль гарснаар марихуан тариалагчдын америкийн улс төрд эзлэх байр суурь улам бэхжлээ.

Беркли хотын эрх баригчид санаанд оромгүй шийдвэрүүд гаргадаг гэдгийг америкчууд мэднэ. Калифорнийн их сургууль байрладаг уг хотод “чөлөөт сэтгэгчид” тун олон. Википеди нэвтэрхий тольд бичсэнээр Беркли нь Америкийн хамгийн чөлөөтэй хотуудын нэг бөгөөд хамгийн анх “гэр бүлийн түншлэл” гэсэн нэрийн дор ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ.

Марихуан үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа. Сиэтл хот. 2013 оны 12 дугаар сар.

Марихуаны талаар гаргасан хууль нь хэтэрсэн гэж хэлж болохоор. Уг хуулийн дагуу дараа жилийн наймдугаар сараас орлого багатай гэр бүлүүд (жилийн 32 мянган доллараас ихгүй орлоготой хувь хүн, эсвэл 46 мянган доллараас дээш орлогогүй гэр бүл) өвс үнэгүй татаж болно. Тэд хотын эмчилгээний марихуан зардаг цэгүүдээс өвсийг үнэгүй авах эрхтэй. Хотын дарга Том Бэйтсийн хэлснээр хотын захиргаа эмчилгээний марихуаныг хүн бүрт хүртээмжтэй болгохыг зорьжээ. Учир нь эмчилгээний марихуан нь хавдрын өвчтэй олон хүнд хэрэгтэй бөгөөд тэр болгонд худалдаж авах мөнгө байдаггүй.

Мэдээж хуулийг эсэргүүцэгчид бий. Тэд “ядуучуудад амьдралаа авч явахад нь туслахын оронд хотын захиргаа мансууруулах бодисны хэрэглээг өөгшүүлж байна” гэж үзэж байна. California Narcotic Officers Association байгууллагын төлөөлөгч Джон Лоуэллийн ярьснаар үнэгүй марихуан хүний идэвхийг бууруулж ажил хайх хүсэлгүй болгодог. Түүнчлэн хуулийг эсэргүүцэгчид өвс хэзээ ч хүний амьдралд хэрэг болж байгаагүй, тэгээд ч мөнгө багатай өвчтөнүүд үнэгүй авсан өвсөө хар зах дээр зарахыг үгүйсгэхгүй гэлээ.

Тоо баримтаас дурдвал ...

Консерваторууд хичнээн их эсэргүүцсэн ч марихуаныг дэмжигчид сүүлийн жилүүдэд санасандаа хүрсэн. Эдүгээ 23 мужид, түүнчлэн Вашингтонд марихуаныг эмчилгээ болон алжаал тайлах хэлбэрээр хэрэглэж болох хуультай. Гэллапын институтын судалгаанаас харахад өнгөрсөн жилийн дундуур Америкийн нийгэм сэтгэл зүйн хувьд эгзэгтэй шатанд гарсан бөгөөд судалгаанп хамрагдагсдын 58 хувь нь каннабис өвсний хэрэглээг хуульчлах хэрэгтэй гэж үзжээ. Анх 1969 онд ийм судалгаа явуулахад дэмжигчид дөнгөж 12 хувьтай байлаа. Улс төрийн хүрээнд ч гэсэн Ардчилсан намынхны дотор марихуаныг дэмжигчид Бүгд найрамдахчуудаас илүү байдаг.

1980-аад онд марихуаныг дэмжигчдийн тоо бараг өсөөгүй нь сонирхолтой. Дараа нь 1990-иэд оны дунд үеэс аажмаар өсч, 2000-аад онд өсөлт хурдасчээ. Харин сүүлийн таван жилд өсөлт удааширсан. Гэхдээ нийтэд нь харахад АНУ-ын дөнгөж 7-8 хувь нь марихуан татдаг.

Сорсон бол уушиглах хэрэгтэй

Яагаад хүн амын арав хүрэхгүй хувь нь марихуан татдаг Америк улсад уг өвсийг хуульчлах санаачлага хүчтэй байна вэ? Хариулт энгийн. Марихуан татагчдын дотор нөлөөтэй хүмүүс цөөнгүй. Өөрөөр хэлбэл урлагийн одод, улс төрчид. Амьдралдаа өвс татаж үзсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт маш урт, нэг нийтлэлд багтааж бичих боломжгүй.

Тэд марихуан татаж байсан төдийгүй хуульчлахын төлөө байдаг.

Тэр байтугай татаж үзээд зогсохгүй тогтмол хэрэглэж, хуульчлахыг уриалдаг хүмүүсийн нэрс ч хэд хэдэн хуудас дамнана. Тэдний заримаас дурдвал жүжигчин Вуди Харрельсон, Элайджа Вуд, Дэнни Де Вито, Джордж Клуни, Морган Фримен, Дженнифер Энистон, Памела Андерсон, хөгжимчин Карлос Сантана, Стинг, Снуп Дог, Джастин Тимберлейк, зохиолч Стивен Кинг, тэр байтугай каннабис өвсний хэрэглээг хуульчлах компанит ажилд олон сая доллар зарцуулсан тэрбумтан Джордж Сорос хүртэл цохиж явна.

Түүгээр зогсохгүй өвс татах гэж юу болохыг мэддэг нөхдүүд АНУ-ын засгийн эрхийг 30-аад жил барьж байна. 1992 онд ерөнхийлөгч асан Билл Клинтон “би марихуан татаж үзсэн, гэхдээ уушиглаагүй” гэж хэлээд жинхэнэ сенсаци дэгдээж байв. 2002 онд Цагаан ордныг орхихдоо тэр Тhe Rolling Stone сэтгүүлд ярилцлага өгч марихуаныг хуульчлах хэрэгтэй гэсэн санааг цухуйлгаж, зарим оронд багахан хэмжээний марихуан биедээ авч явах, хэрэглэх нь хуульд харшихгүй гэж хэлжээ.

1996 онд Вуди Харрельсон марихуан тарьж ургуулсныхаа төлөө баривчлагдаж байв.

Клинтоныг залгамжилсан Жорж Буш архинд дуртайг нь хүмүүс мэднэ. Гэхдээ тэр өвс татдаг байсан гэдгээ олонд дэлгээгүй. 2005 онд Буш “марихуаны талаарх асуултад би хариулахгүй. Яагаад гээч? Яагаад гэвэл жаахан хүүхдүүд миний замаар битгий ороосой гэсэндээ. ” гэж хэлсэн нь тойруу замаар хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй юм.

Өнөөгийн ерөнхийлөгчийн хувьд гэвэл хариултаас бултдаггүй. Барак Обама залуудаа марихуан татаж, тэр нь түүнд тус болсон тухай “Миний аавын мөрөөдөл” номондоо бичжээ.

Энэ оны нэгдүгээр сард The New Yorker сонинд өгсөн ярилцлагадаа Обама: “Өсвөр насандаа би өвс татдаг байсан. Миний хувьд өвс татахыг тамхи татахтай адил хорт зуршил гэж үздэг. Тамхийг ч гэсэн би удаан хугацаанд татсан. Гэхдэ марихуаныг архинаас илүү аюултай гэж бодохгүй байна” гэж ярьжээ.  

Өвс татагчдын клубын хамгийн "хүнд гар"

Залуудаа Барак Обама “Choom Gang” нэртэй өвс татагчдын клубын идэвхтэй гишүүн байжээ. Билл Клинтон татсан ч уушигладаггүй байсан бол уг клубын гишүүд уушиглаагүй хүнийг шийтгэдэг байлаа. Ийм дүрмийг санаачлагч нь Обама. Түүнчлэн цонхыг нь хаасан машинд татаж, татаж дууссаны дараа утааг нь уушиглах санааг Обама гаргасан байна.

Нэмээд хэлэхэд эдүгээ ерөнхийлөгч болсон Обамагийн улс төрийн хүрээлэлд марихуан татаж үзсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалздаггүй хүмүүс бий. Жишээлбэл Төрийн нарийн бичгий дарга Джон Керри 2003 онд Rock the Vote байгууллагын зохион байгуулсан халз ярилцлагын үеэр “Тийм” гэж хариулжээ.

Их улс төрийн нөлөө

Марихуан нь АНУ-д аажмаар улс төрийн шинжтэй болж байна. Хэргийн учир нь Ардчилсан нам сонгогчдоосоо “коко” авах гэсэндээ биш, харин марихуаны бизнес нь сонгуулийн кампанит ажилд зарцуулах мөнгөний чухал эх үүсвэр болдогт байгаа юм.

Колорад мужийн амбан захирагч Джон Хикенлупер 2012 онд марихуаныг хуульчлахын эсрэг байсан ч, хэрэв сонгогчид хүсч байгаа бол ирээдүйд уг асуудлыг нааштай авч хэлэлцэж болно гэж амлажээ. Удалгүй марихуаныг хуульчлах ажилд зарцуулах 16 мянган долларын хандив цуглуулах ажил эхэлжээ. Үр дүнд нь санаанд оромгүй тоо гарч марихуаны дэмжигчид 40 мянган долларын хандив өргөсөн байна.

Мэдээж энэ сайн дурын ажил биш. Хандивлагчид Джон Хикенлуперыг дахин сонговол марихуан худалдаачдын сонирхлыг хамгаална гэж үзсэн байна. Тодруулбал тэдний бараанд ногдуулах татварыг багасгаж, өвс зардаг шинэ эмийн сан нээх боломжтой болно гэж боджээ.

Хэрвээ АНУ даяар хичнээн хүмүүс хандив өргөж буйг харвал энэ сэдвийг ашиглаад ямар их мөнгө цуглуулж болох нь ойлгомжтой болно. Тухайлбал Аляскад 850 мянган доллар, Орегонд 2,3 сая, Флоридад бүр 6 сая доллар цуглажээ. Ийм нөхцөлд хуулийг дэмждэггүй хүмүүсийн хувьд ч зарим нэг буултыг хийхээс аргагүй болж байна.